БСШУЯ, ШУА-ийн “Эрдэмтдийн үг” цуврал лекцээр саяхан Монгол Улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Гавьяат агрономич, ХААИС-ийн доктор, профессор Б.Дорж “Буудайн тариалангийн хөрвөх технологи” сэдвээр салбарын мэргэжилтнүүдэд илтгэл тавилаа.
Илтгэлийн нь талаар тодруулбал, “Өнөөдөр манай улсын газар тариаланд хөрсний үржил шим муудаж байгааг их ярьж байна. Хөрсний үржил шим муудвал сүүлдээ ургац өгөх чадваргүй болно гэсэн үг. Тэгвэл хөрс муудахаас хамгаалах аргууд байна. Юун түрүүнд хөрсийг аль болох хөдөлгөж хөндөлгүйгээр, дээр нь байгаа өнгөрсөн жилийн ургац, гуурс, сүрэл зэргийг алга болгохгүй байх хэрэгтэй. Эдгээр нь хөрсийг хүйтэн, халуунаас хамгаална. Мөн техникийн хөлөөс ч хамгаална.
Ингэж чадвал хөрсний үржил шим буураад байх нь гайгүй. Түүнээс гадна хөрсийг бордоогоор бордох хэрэгтэй. Гэтэл химийн бордоогоор бордохыг орчин үед шүүмжилдэг болжээ. Бордоогоор ургаж байгаа ургамал бас химийн бодис өөртөө агуулсан ургацыг бий болгож байна гэдэг. Ийм учраас бид экологижсон газар тариалан, байгалийн хөрсөнд юу ч хийхгүйгээр шууд тарих аргыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна” гэсэн юм.
Тэрээр цааш нь хэлэхдээ, “Өөрөө хөрсний үржил шимийг сайжруулж байдаг ургамлууд байдаг. Тэр нь буурцагт ургамал юм. Энэ нь дэлхийн аль ч бүсэд ургана. Манай оронд 1-2 наст, түүнээс дээш настай нь ч байдаг. Бидний судалгаагаар буурцагт ургамлуудыг буудайтайгаа хамт тарьж болох дүгнэлт гарсан” гэдгийг онцолж байна. Ахмад агрономич эрдэмтэн маань буурцагт нэг наст ургамал доторх вандуй, сэвэг зарам зэрэг ургамлыг судалжээ. Тэдгээр нь хөрсний үржил шимийг дээшлүүлдэг нь тогтоогдсон байна.
Монгол Улсын Гавьяат агрономич, газар тариалангийн салбарын ууган доктор, профессор Б.Доржийн “Буудайн тариалангийн хөрвөх технологи, түүний шинжлэх ухааны технологийн үндэс” бүтээлийг Дарханы Ургамал, газар тариалангийн хүрээлэнгээс төрийн соёрхолд нэр дэвшүүлээд байгааг мэдэгдээд байна. Үүнийг ШУА болон бусад холбогдох байгууллага, эрдмийн зөвлөлүүд дэмжсэн байна. Ингэхдээ, Б.Дорж докторын буудайн тариалангийн хөрвөх технологи нь 50 жилийн судалгааны үр дүн юм гэдгийг онцолж байна.
Хөрс, боловсруулалт төдийгүй тариалангийн технологийг байгаль, цаг уурын шинж чанарыг нь дагуулан, экологидоо зохицсон аргаар хэрэгжүүлэх бөгөөд хөрс сайжруулах, тэглэх технологийн үндэслэлүүдийг багтаан судалсныг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Түүний бүтээлийг амьдралд хэрэгжүүлбэл гарах нийт үр ашиг нь 181.6 тэрбум төгрөгөөр хэмжигдэх өгөөжтэй гэдгийг эрдэмтэд тооцоо судалгаагаар гаргасан байна. Түүний хийсэн судалгааны шууд тариалалтыг Казахстан улс нэвтрүүлж, хэдэн сая га газарт туршсан нь амжилттай болжээ.
Гавьяат агрономич Б.Дорж анх 1959 онд ХААИС-д элсэн орж сургуульдаа бүртгүүлсэн даруйдаа ургац хураалтад явж, Борнуурын САА-д очиж атар газар эзэмших ажилд анхлан оролцож, Зүүнхараагийн САА-д ерөнхий агрономичоор ажиллаж байснаа дурсаж байлаа.