Эрхэм хүндэт тариаланчид аа,
Та бүхэндээ арвин их ургацтай, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийт ерөөлийг өргөн мэндчилэе.
Монгол Улсын Засгийн газраас гурван тулгуурт хөгжлийн бодлогыг тодорхойлон, хөдөө аж ахуйг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх, тэр дундаа газар тариалангийн бүс нутгийг тогтоосноор хөдөлмөр бүтээл, хөрөнгө оруулалтыг дэмжсэн шийдвэрийг гаргасан нь тус салбарын хөгжилд томоохон суурь нөхцөлийг бүрдүүллээ.
Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо нь хөрсийг сайжруулах, шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурласан газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжсэн мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж цаашид экспортлох, өндөр боловсрол, арвин туршлагатай хүний нөөцийг бүрдүүлэх зэрэг олон талт асуудлуудыг шийдвэрлэхээр салбарын яамтайгаа хамтран ажиллаж байна.
Тариаланчид бид ургацын хэмжээ, чанараас гадна амьдралын эх булаг болсон хөрсний үржил шимийг сайжруулах тал дээр онцгойлон анхаарч ажиллах үүрэгтэйг цохон тэмдэглэж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
МТҮХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.РЕНЧИНСЭНГЭЭ