• 2024-10-07

2018 оны 6 дугаар сарын 19-ний байдлаар улсын хэмжээнд 343 мянган га-д үр тариа, 11.6 мянган га-д төмс, 6.6 мянган га-д хүнсний ногоо, 56.8 мянган га-д тосны ургамал, нийтдээ 446.7 мянган га-д тариалалт хийгээд байна. Энэ нь одоогоор үр тарианы тариалалт 83.9 хувь, төмс 74.7 хувь, хүнсний ногоо 78.5 хувь, тосны ургамал 135.4 хувьтай тус тус явагдаж байна гэсэн үг. Нийт дүнгээр хаврын тариалалт 90 хувьтай байна гэж Тариалалтын штабаас мэдээллээ.Энэ жилийн тухайд 408.9 мянган га-д үр тариа (үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай), 15.5 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн юм.Хаврын тариалалт дуусах шатандаа орсон энэ үед ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын мэдээг хүргэе.20-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төвийн аймгуудын нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 21, 23-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам