• 2024-11-21

Монгол Улсын Гавьяат агрономич, шинжлэх ухааны доктор, профессор Б.Дорж хэмээх эрхэм хүмүүнтэй ярилцлаа. Газар тариалангийн салбартай 61 жил “гагнагдсан” тэрбээр өдгөө ч багшилж, олон зуун шавь бэлтгэсээр явна.

-Монголын сор эрдэмтдийн нэг Лодонгийн Түдэв таныг агрономич “болгосон” гэж сонссон юм. Энэ тухай дурсамжаас тань яриагаа эхлэх үү?

-1958 онд дунд сургуулийн есдүгээр ангид байхад л ямар мэргэжилтэй болох минь шийдэгдчихсэн юм. Манай ангийн багш М.Төмөрбат гэж үргэлж шинийг эрэлхийлэгч мундаг хүн байлаа. Тэрбээр хичээл заахдаа ашиглах зорилгоор туулай, усан гахай, гавар тэжээнэ. Тэдгээрийг асарч маллах хөрөнгө мөнгө сургуульд байхгүй учраас багш яагаад ч юм бэ надад даалгасан. Магадгүй арай хариуцлагатай гэж бодсон байж мэднэ. Би хөдөө төрж, өссөн, тарвага зурамтай хөөцөлдөж байсан болохоор яршиг төвөг гэсэнгүй. Биологийн кабинетад хэдэн цаасан хайрцагт нөгөө хэдэн амьтнаа хийгээд, хооллож, ундалдаг боллоо. Туулай, усан гахайдаа дотуур байрны хүүхдүүдээс авсан талхыг үйрүүлж, нунтаглаад, бага зэрэг чийглээд өгчихнө. Багш маань дотуур байрны тогооч нараас махны өвдөл цөвдлөөс гадна хүүхдүүдийн үлдэгдэл хоол зэргийг авчирч гаварт өгдөг байлаа. Ингэж байтал усан гахай маань үхчихсэн, хоол нь таараагүй байх. Удалгүй хоёр туулай ч өвдчихлөө.

Гэдэс нь өвдөж, чацга алдсан хурга шиг цагариглаад, үс ноос нь бүрлийгээд нэг л биш. Багшийн зөвлөснөөр аймгийн мал эмнэлэгт аваачиж үзүүлтэл “Хоол тэжээл нь таарахгүй байгаа бололтой шинэ ногоо өг” гэлээ. Тэр үед Говь-Алтайд шинэ ногоо гэж юу байх вэ дээ. Хоёр хоногтоо өмнөх шигээ хооллож байтал санамсаргүй сайхан зүйл тохиодог байгаа. Би хэсэг айлын хажуугаар явж байтал ачааны машин хөдөлж таарсан. Бризинтээр хучсан тээшнээс нь шар өнгөтэй, жижиг зүйлс асгараад явна. Сонирхоод аваад үзтэл тариа байхаар нь юу ч бодож саналгүй өвөртөө, халаасандаа баахныг хийлээ. Тэгээд үрнүүдээ ангид байсан цэцгийн савтай хөрсөнд булаад, усалчихсан. Зүгээр л тэгээд хийчихсэн хэрэг. Хоёр хоногийн дараа ангидаа ирээд хартал хөрсөн дээр зүүний үзүүр шиг хэдэн зүйл цухуйчихсан байдаг юм. Гурав хоногийн дараа нөгөөх эд хуруу хэртэй урт ургажээ. Тэгтэл эмчийн хэлсэн санаанд орж, туулайгаа “шинэ ургацаараа” хооллож үзлээ. Жигтэйхэн амтархан идэж байна шүү. Тэгэхээр нь үрнээсээ хэдийг дахиж суулгаж, энэ мэтээр хооллоход удалгүй хоёр туулайны өнгө зүс сэргээд, бие нь ч тэнхэрсэн. Манай багш энэ тухай минь Түдэв багшид ихэд олзуурхан ярилаа. Түдэв багш “Малын эмч нар яг л хэлж дээ, мундаг юм” гэснээ “Энэ Доржийг ер нь агрономич болгоё. Сүрхий байна шүү” гэж магтсан. Сонирхуулахад, Л.Түдэв, М.Төмөрбат багш нар маань дунд сургуульд хамт сурч байсан юм билээ. Тийм болоод тэр үү, үргэлж хамт явдаг байлаа.

Ингэж явсаар зуны амралттай золгож, би хөдөө гэртээ харих болоход багш туулай, гаврыг дотуур байрны хүүхдэд хариуцуулсан. Намар эргээд ирэхэд нөгөөх хэд минь байгаагүй, “Шувуу шүүрчихсэн” гэж хэлсэн. Тэр жил ангийн багш маань ахиад хэдэн амьтантай болж, би сургууль төгсөх хүртлээ малласан даа.

-Тэгэхээр Түдэв багшийн ерөөлөөр мэргэжлээ сонгожээ. Гэхдээ та өөрөө ямар мэргэжилтэй болохыг хүсэж байсан бол?

-Манай нагац ах жолооч байлаа. Би наймдугаар ангид байхдаа л машин барьж сурсан. Тэгээд техниктэй холбоотой мэргэжилтэй болохыг хүсэх болсон. 1959 оны хавар Х ангиа төгслөө. Тэр үед элсэлтийн ерөнхий шалгалт, улаан шугам гэдэг зүйл ч байсангүй. Их, дээд сургуулийн багш нар ирж ямар мэргэжилтэн бэлтгэдэг талаараа, сургуулийнхаа нэртэй, алдартай хүмүүсийн тухай танилцуулдаг байлаа. Тэр дагуу МУИС-иас ирсэн хүн “За, манайхыг сонгох хүүхэд байна уу” гэхээр нь би гараа өргөтөл Төмөрбат багш “Чи хэрэггүй шүү” гэлээ. Дараа нь УБИС-ийг сонгох санаатай багш руу харсан чинь бас л “Дэмий” гэсэн янзтай байна. Тэгтэл ирсэн багш журнал үзэж байснаа нэрийг минь дуудаад “Чи ямар мэргэжил сонгомоор байна” гэхэд ангийн багш “Наадах чинь өөр сургуульд орох хүүхэд” гэчихдэг юм. Ингээд ХААДС-иас Пүрэвжав гэдэг багш ирж, танилцуулгаа хийлээ. Төмөрбат багш шууд л “Би нэг хүүхдийн нэр бичүүлье. Агрономичийн ангид орох юм шүү” гээд л ирээдүйг минь шийдчихсэн дээ. Ингэж Л.Түдэв, М.Төмөрбат багш нарынхаа ерөөл, хүслээр би агрономич болсон.

Аймгийн төвийн дунд сургуулийн Х ангиа төгсөөд би гэртээ харихаар Чандмань сум руу явах гэтэл мөнгө байдаггүй. Шуудангийн унааны зардал 20 гаруй төгрөг. Би мөнгө олох санаатай хүүхдүүдийн зөвлөснөөр долоон хоног барилгын ажил хийхээр шийдэв. Мал эмнэлгийн шавар хашааны засварын ажилд тусаллаа. Тэр жил улс маань анх удаа Хятадаас ажиллах хүч авч, 18 мянган ажилчин оруулж ирсэн юм. Манай аймагт 30-аад хятад барилгачин иржээ. Тэдний зааснаар янз бүрийн ажил хийж, тав хонож байтал дотуур байрны гадаа Түдэв багштай санамсаргүй таарав. “Чи яагаад гэртээ хариагүй юм. Гэрлэчихсэн юм уу” гэж намайг “явуулдаг” байгаа. Ер нь хошин мэдрэмж, мэдлэг өндөртэй, егөөтэй хүн байсан юм шүү дээ. Багшид учир байдлаа хэлтэл “Их, дээд сургуулийн оюутнууд намрын ургац хураалтын ажилд явдаг учраас чи хотод эртхэн очсон нь дээр. Шалавхан харьж, ижий, аавтайгаа уулзаад, явахдаа базаа” гээд гар зүсэм, шинэ, 25-тын дэвсгэрт өгөхөд нь жигтэйхэн баярлаж билээ. Мөнгөтэй болсон хүн чинь тэр өдөртөө л шуудангийн унаанд суусан даа. Ингээд хотод оюутан болсон анхны намраа Борнуурын сангийн аж ахуйн үтрэм дээр ажилласан. Манай улсад атар эзэмших ажил эхэлж, ид өрнөж байсан үе.

Би Түдэв багшийнхаа тухай дурсмаар байна. Тэрбээр бидэнд орос хэл заадаг байсан. Өөрийн гэсэн өвөрмөц аргаар заана. Нэг удаагийн даалгавраар 60 нэр цээжлүүлэхийг хичээдэг. Ингэхдээ амьтан, загас, шувуу гэхчлэн төрөлжүүлнэ.

Нэг удаа би дотуур байрныхаа өрөөнд “Огонёк” сэтгүүлд гарсан “Обыкновенный врач” гэсэн гарчигтай материал орчуулж байлаа. “Эмчийн хэрэглэл” гээд орчуулчихжээ. Уг нь толь бичгээс нягталсан л юм, яахаараа тэгээд харчихдаг юм бүү мэд. Тэгсэн чинь хоёр багш ирээд харчихлаа. Түдэв багш “Мөн залдаг эр юм аа” гэснээ “Ерийн нэгэн эмч” гэсэн үг шүү. Толь бичгээ буруу харсан байна. Анхааралтай байгаарай” гэж зөвлөсөн.

Багш Болгар явж ирээд, “Болгар нутагт” нэртэй эмхэтгэн гаргаснаасаа надад нэгийг өглөө. Хэд хоногийн дараа “Болгар ямар орон байна вэ” гэж асуухад нь “Жимс элбэгтэй газар шиг санагдлаа” гэж хариулсан. Уншсан, эсэхийг минь сорьсон хэрэг л дээ. Тэгснээ “Ямар мэргэжилтэй болохоо мэдэж байгаа биз” гээд инээсэн.

Бид сургууль төгссөнийхөө дараа ч Түдэв багштайгаа үргэлж холбоотой байсан. 1970 онд аспирантурын шалгалтдаа тэнцчихээд багштай уулзахад шинэ номон дээрээ “Эрдэмтэн болохыг хүсэн ерөөе” гэж бичээд, гарын үсгээ зураад бэлэглэсэн. Ерөөлөөр нь болж, эрдмийн зэргээ хамгаалчихаад багштайгаа уулзлаа. Тэгтэл докторын ажлынхаа номон дээр “Баярлалаа. Доктор болохыг хүсэн ерөөе” гэж бичээд, өглөө. Багшийнхаа ерөөлийг бодит болгосныхоо дараа яваад очлоо. “Үнэн” сонины ойд зориулсан шилдэг нийтлэлийн түүвэр бэлэглээд “Академич болоорой” гэж ерөөдөг юм. “Би бор зүрхээрээ явж, таны ерөөснөөр хичээж ирлээ. Харин академич бол миний зүтгэлээс үл шалтгаалах хэцүү даваа” гэхэд “Ямар даалгавар өгөхөө багш мэднэ. Биелүүлэх, эсэхийг шавь мэднэ” гэж билээ. Үнэхээр ерөөлтэй хүн байгаа биз. Хүнийг үргэлж хөгжүүлж, хөтөлж, урам хайрладаг ийм л сайхан хүн байлаа, Түдэв багш минь.

-Монгол оронд атар газар эзэмших аян өрнүүлсэн түүхийн эхлэл, өрнөл, үргэлжлэл та болон танай үеийнхний залуу, идэр настай холбоотой. Өнгөрсөн хугацаанд атар эзэмших явцад гарсан том ололт, бас алдаа нь юу байсан бэ?

-Би бол Монголд агрономич бэлтгэж эхэлснээс хойших дөрөв дэх төгсөлтийнх. 1958 онд МУИС-иас салж, бие даасан ХААДС-ийн хувьд эл мэргэжлээр элссэн анхны оюутнуудын нэг. Бид 58-уулаа төгссөн. Миний бие газар тариалангийн салбартай холбогдоод бүтэн жарныг үджээ. Оюутан цагт дадлагын үеэр тракторчин, тоо бүртгэгч, агротехникч гээд янз бүрийн ажил хийх шаардлага гардаг байлаа шүү дээ. Ингэж ажлын талбарт “хутгалдаж” явсаар 1964 онд ХААДС-иа төгссөн. “Жаргалантын сангийн аж ахуйн хүрэн хөрсийг судалсан дүн” сэдвээр дипломын ажлаа хамгаалсан. Багш нар “Болжээ” л гэсэн. Одоо бодох нь ээ, юу бэлдэж, яаж хамгаалсан юм бол доо, хөөрхий. Өмнөх нийгмийн үед ялангуяа биднийг оюутан байхад шалгалтын комиссын бүрэлдэхүүнд Намын төв хороо, Улс төрийн товчооны гишүүд гэхчлэн том дарга, тушаалтнууд багтдаг байлаа. Ю.Цэдэнбал дарга ч оролцоно. Тэд зүгээр л ажиглаад суухгүй, оюутнуудаас юм асууна, сорино шүү дээ. Асуултад нь бүдэрвэл “Энэ хичээлийг заасан багш хэн бэ” гэж “айлгана”. Төр, засаг боловсон хүчнээ бэлтгэхэд ингэж л анхаардаг байжээ.

Аливаа ажлын эхлэл үед туршлагагүйтэж алдах нь бий. Манай улс атрын анхдугаар болон удаах аяныг хэрэгжүүлэх явцдаа туршлагагүйтсэн. Тэр нь зөвхөн бидэнд бус, олон улсад тохиолдсон нийтлэг алдаа юм билээ. Жишээ нь, 1965 оноос тариалангийн талбайнуудаас их хэмжээний тоос босож эхэлсэн. Битүү улаан шороон дунд л ажиллаж байлаа шүү дээ. Газрыг буруу хагалснаас болж хөрсний үржил шимийг алдаж байна гэсэн том асуудал үүссэн.

-Тэр асуудлыг шийдвэрлэхэд таныг онцгой үүрэгтэй байсан гэж сонссон. Монгол Улс атрын II аяны хүрээнд тариалангийн хөрсийг хавж элдэншүүлэх болон элэгдэл, эвдрэлээс хамгаалах иж бүрэн систем нэвтрүүлж, үрийн аж ахуйг сайжруулснаар ургацын хэмжээ тогтвортой нэмэгдэж ирсэн гэдэг. Энэ тухай яриач.

-Ургамалтайгаа байгаа газрын хөрс хийсдэггүй. Өөрөөр хэлбэл, ургамал бол хөрсний арьс нь юм. Гэтэл бид газар хагалж байна гээд хөрсийг нь хуулаад, эргүүлчихээр улаан тоос босох нь аргагүй. Үүнийг шийдвэрлэхийн тулд газар хагалах аргаа өөрчлөхөөр туршлага судалсаар 1970-аад онтой золгосон. Ингэж явсаар сөөлжих буюу талбайн зарим хэсгийг хагалахгүй зурваслан үлдээх арга хэрэглэх нь зүйтэй гэж Засгийн газар тогтоол гаргасан. Үүний үр дүнд талбайн хөрс хийсэж, тоос манарах нь эрс багассан ч бүрмөсөн намдсангүй. Тэгж байтал 1975 оны үед Казахстаны туршлагаар хөрсийг хавж боловсруулах техник оруулж ирэх болсон. 1950-иад онд Казахстанд газрын хөрсийг эргүүлснээс болж мөн л тоос босдог байж л дээ. Ингээд ямар техник нь хамгийн тохиромжтой вэ, аль улиралд зохистой гэхчлэн олон талт судалгаа хийж эхэлсэн. Тэгтэл миний эрдмийн ажлын тайланд дурдсан нэг дүгнэлтийг олж харжээ.

Өвгөн эрдэмтний тайлбарласныг сийрүүлэхэд мэргэжлийн үг, хэллэг нэлээд хэрэглэх учраас уншигчдыг чилээхгүйн тулд товчхон өгүүлэхэд, тухайн үед түүний эрдмийн ажлыг практикт нэвтрүүлэн, шууд тарилтын аргыг хэрэгжүүлж эхэлжээ. Үр дүнд нь техникийн зардал буурч, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэн эдийн засгийн асар их хэмнэлттэй ажиллах болсон гэдэг.

Монгол Улсын Гавьяат агрономич Б.Дорж гуай 1964 онд ХААДС-ийг улаан дипломтой төгссөн ганц оюутан юм билээ. Энэ талаар түүнээс асуухад “Өөрийгөө магтах дэмий. Энэ талаар заавал ярих ёстой юу” хэмээснээ “Би ХААДС-ийн 32 дугаартай, онцгой димломтой төгссөн нь үнэн. Тухайн үед улаан диплом гэдэггүй байсан” гэж хариулав. Сурлага сайтай, идэвх, зүтгэлтэй оюутан Б.Дорж сургуулиа төгсөөд, ХААЯ-ны томилолт өвөртлөн Говь-Алтай аймгийг зорих болов. Төрсөн нутагтаа хуваарилагдан, сэтгэл нь яарч байсан залууг агрономичдын “өндөр ээж” хэмээн хүндлэгдсэн С.Ичинхорлоо багш нь дууджээ. Яваад очтол томилолтын хуудсыг нь үзчихээд, дипломыг нь “хурааж” аваад, маргааш ирээрэй гэжээ. Маргааш нь харин “Чиний диплом Сангийн аж ахуйнуудыг удирдах газрын дарга Х.Банзрагчид байгаа. Түүнтэй уулз” гэв. Нөгөө хүнтэй нь уулзтал Зүүнхараа руу явуулахаар томилолт бичиж өгчээ. Тэнд байрлах Ургамал, газар тариалангийн улсын туршлага станц (Газар тариалангийн хүрээлэн)-д ийнхүү томилогдсон залуу агрономич Б.Дорж мэргэжил нэгтэй нөхдөөсөө дөрвөн жилийн хугацаанд их зүйл сурснаа хуучилсан юм. Тэрбээр 1968 онд хот руу шилжиж, хүрээлэнд ажиллах болж, 1970 онд аспирантурт сурахаар шалгалт өгчээ. Тухайн үед гурван шалгалт авдаг байж. Эхлээд орос хэл, дараа нь МАХН-ын түүх, хамгийн сүүлд мэргэжлийнх нь шалгалтыг авах дараалалтай. Тэрбээр энэ дагуу шалгуулан, тэнцээд Казахстаны Алма-Атагийн ХААДС-д гурван жил сурч, 1974 онд “Монгол орны хойд хэсэгт хөрс элдэншүүлэх арга” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалжээ.

-Танаас болж ургац алдсан гэж Булган аймгийнхан гомдоллосон гэдэг юм билээ. Ямар учиртай юм бэ?

-Би Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Газар тариалангийн секторын эрхлэгчээр ажиллаж байсан үе, 1983, 1984 онд шиг санагдана. Төв хорооны нарийн бичгийн дарга М.Даш гуай намайг дуудсаны дагуу очтол “Нөхөр минь, чиний аргыг хэрэглээд Булганы нэгдлүүд ургац алдсан байна” гэж зэмлэлээ. Би судалгааныхаа материалыг үзүүлээд, учрыг нь тайлбарлахад ойлгож, хүлээн авсан. Эрдэмтэн хүний хандлага их өөр шүү. Тэгээд “Чи энэ бүгдийг үйлдвэрлэлийн нөхдүүдэд сайн ойлгуулах хэрэгтэй. “Үнэн” сонинд судалгааныхаа талаар том нийтлэл хэвлүүл. Тэр материалыг уншиж, судлахыг би аймгийн дарга нарт үүрэг болгоё” гэсэн.

-Технологийн горим алдсан гэсэн үг үү?

-Тийм. Гуурстай талбайд зориулалтын бус үрлүүрээр тарьчихаар ямар олигтой зүйл болох вэ дээ.

-Таны судалгаанаас улсын хэмжээнд “амилж”, амьдралд хэрэгжүүлсэн өөр ямар ажил байна вэ?

-Нэг га талбайд тариалах үрийн норм гэж бий. Хөрснийхөө үржил шимд тохируулан тооцдог. Өмнөх нийгмийн үед нэг га-д 160-180 кг буюу багцаагаар дөрвөн саяас 4.5 сая ширхэг гэж тооцдог байлаа. Үүний 70-аад хувь нь соёолоод, үлдсэн нь үргүй зардал болно. Улсын хэмжээнд жилд 40 орчим тонн үр соёолохгүй хаягддаг гэсэн тооцоо гаргаж, шалтгааныг нь судаллаа. Үрийг 3-5 см гүнд суулгахад тав хоногийн дотор соёолох зохилдлоготой юм. Гэтэл бид чийгнээс шалтгаалаад 7-8 см гүнд хийснээс болж жижиг үрнүүд соёолж чадахгүйд хүрдгийг мэдсэн. Тиймээс үрийг ялгаж, тариалах гүнийг нь тохируулах ёстой гэж үзсэн. Уг нь тун энгийн зүйл байгаа биз. Тэгсэн хэрнээ бид учрыг нь олох гэж нэлээд юм болсон. Энэ судалгааны дүнд эдийн засгийн асар их хэмнэлт гарсан талаарх нарийн тооцоолол миний номд бий.

-Сүүлийн үед хүмүүс эрдэс бордоо хэрэглэсэн, генд нь өөрчлөлт оруулсан бүтээгдэхүүнээс татгалзаж, болгоомжлох болжээ. Та нэг лекцдээ “Экологижсон газар тариалан, байгалийн хөрсөнд юу ч хийхгүйгээр шууд тарих арга нэвтрүүлэхээр зорьж байна” гэж дурджээ. Таны “Буудайн тариалангийн хөрвөх технологи” номоос ч энэ тухай уншсан юм байна.

-Манай орны хөрс хүрэн. Үржил шимийн хувьд хар шороон хөрсний дараа ордог. Тэгэхээр технологио зөв бариад явбал ургац авна. Гэхдээ шимийг нь хүртсэн хөрсөө органик бордоогоор, эсвэл сэлгээгээр сэргээх хэрэгтэй. Сэлгээ гэдэг нь хөрсний шим тэжээлийг нэмэгдүүлдэг ургамал тарина гэсэн үг. Жишээ нь, вандуй, сэвэг зарам зэрэг буурцагт ургамал хөрсний азот, фосфорыг нэмэгдүүлдэг. Калийг нь ч нэмэгдүүлдэг талаар гадаадын эрдэмтдийн судалгаанд дурдсан байдаг.

-Хөрсний үржил шимийг чухалчилдаг, Гавьяат агрономичоос асуух нэг чухал зүйл байна. Монголын хамгийн үржил шимтэй хөрс бүхий Дорнод аймгийн Халх гол сумд газар эзэмшүүлэх нь зөв, буруу гэсэн маргаан бий. Та энэ талаар ямар бодолтой вэ?

-Та их зөв асуулт тавилаа. Би өнгөрсөн жил тэр нутгаар явж, судалгаа хийсэн юм. Ёстой нүд халтирмаар болсон байна лээ. Энэ тухай би холбогдох албаныханд нь хэлж, хэвлэлд ярилцлага ч өгсөн. Яамныхаа сайдад ч дуулгасан. Бас УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооныхонтой уулзахыг хүссэн ч намайг хүлээж авах боломж нь гардаггүй юм шиг байна лээ, хөөрхий. Үүнийг төр, засгийн шийдвэр биелэгдэхгүй байгаатай холбоотой гэж боддог. Байсхийгээд л улс төрийн нам, эвслийн шугамаар төрийн байгууллагуудын удирдлагыг халж, солиод байхаар яаж тогтвортой хөгжих юм бэ.

Ер нь Халх голд газар эзэмшүүлэх талаар бүр Атрын II аянаас ч өмнө яригдаж байсан юм. Тус бүр нь 20 мянга орчим га газартай сангийн аж ахуй 10-ыг байгуулж, тэжээлийн ургамлыг технологийн дагуу тариалан, махны чиглэлээр хонь, үхэр үржүүлээд, экспортолно гэсэн төлөвлөгөөтэй. Гэтэл нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, удалгүй газар тариалангийн салбар уналтад орсон. Харин Баярын Засгийн газрын үед Атрын III аян эхлүүлж, энэ салбар сэргэх замдаа орсон. Гэхдээ тухайн үед Халх голд газар тариалангийн тухай ойлголтгүй хүмүүс очиж, зурвасласан талбайнуудыг үгүй хийчихсэн. “Талбай дотор яагаад атар газар үлдээв. Өмнөх нийгмийн үрэлгэн арга барил” гэхчлэн шүүмжлээд, сөөм ч үлдээлгүй хагалж эхэлсэн. Энэ ёстой буруу. Үүнийг болиулах хэрэгтэй.

-Манайх буудай, хүнсний ногоогоо дотооддоо хангах бүрэн боломж бий юү?

-Байгаль, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалаад жил болгон адил хэмжээтэй ургац авах боломжгүй ч буудайгаа нөөцлөх замаар дотоодоосоо бүрэн хангаж болно. Үүнд төр, засгийн бодлого чухал. Төмс зэрэг хүнсний ногооны хувьд ч адил. Хамгийн гол нь хүнсний ногоонуудыг хураах, сортлох, зөөж, ачих гээд гар ажиллагаа ихтэй учраас тариаланчид шантрах нь бий. Нэмээд нэг зүйл хэлэхэд, манайхан их залхуу болжээ. Мэргэжилтэй боловсон хүчин, хүний нөөц хөдөөд алга. Орон нутагт нэг сая гаруй төгрөгөөр тракторчин хийх хүн олдохгүй байна шүү дээ. Зарим нь бүр хөлсийг нь голж байна. Тэгсэн хэрнээ нийслэлдээ бөөгнөрчихөөд, ажилгүй сууж, юм л бол “хүний эрх” гэдэг зүйлээр бамбайлна. Энэ чинь улсын бодлого буруу байгаагийн илрэл биз дээ. За, ингээд больё, улс төр лүү “халтирах” янзтай.

Буудайн тариалангийн технологийн судалгаанд амьдралынхаа хагас зууныг зориулсан Б.Дорж эрдэмтний “Буудайн тариалангийн хөрвөх технологи, түүний шинжлэх ухааны технологийн үндэс” бүтээлийг Ургамал, газар тариалангийн хүрээлэнгээс өнгөрсөн жил Төрийн шагналд нэр дэвшүүлсэн юм билээ. Түүний бүтээлийг амьдралд хэрэгжүүлбэл эдийн засгийн асар их хэмнэлттэй гэдгийг манай эрдэмтэн, мэргэжилтнүүд тооцоолсон байна. Түүнчлэн Казахстаны эрдэмтэнтэй хамтран туршиж уг бүтээл эдийн засгийн асар их үр дүн авчрах боломжтойг баталсан аж.

Ийм л мундаг хэрнээ эгэл даруухан агрономичтой хэдэн цаг хөөрөлдөхдөө олон зүйл мэдэж авлаа. Тэрбээр “Миний ажигласнаар намар цагт хонины шээс шимтэй бордоо шиг болдог. Энэ талаар харьцуулсан судалгаа хийх санаатай. Өөрөө чадахгүй ч шавь нараараа хийлгүүлнэ. Гэвч би их яхир, хэдэн хүүхдийнхээ “үйлийг үздэг” хүн болохоор санаанд минь тултал судлах нь “олдох” болов уу” гээд инээх нь оюутан, залуусыг голсондоо бус, илүү чамбайруулахаар ташуурдаж байгаа хэрэг аж.

Б.Дорж гуай зургаан хүүхэдтэй. Тэдний нэг нь аавынхаа мэргэжлийг эзэмшжээ. Хоёр хүүхэд нь дур сонирхлоороо газар тариалантай “зууралдаж”, шимийг нь хүртэж яваа гэсэн.

Мэдээний эх сурвалж: unuudur.mn