- 2024-11-21
Clouds: {{current_weather.clouds}}%
Wind ({{current_weather.wind.deg}}): {{current_weather.wind.speed}}{{units_wind}}
- 2020-09-09
Улс төрд явсан зам мөртэй, харьяалж, хашсан албан тушаалтай байсан ч өдгөө нам, улс төрийн амьдралаас “чөлөө” авч, хөдөө аж ахуйн салбарт “хувьсгал” эхлүүлнэ, үр шимийг нь малчид, бид нийтээрээ хүртэнэ хэмээн ярих энэ эрхмийг Ломбын Эрхэмбаяр гэдэг. АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаас эхлээд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн Байгаль орчин, ногоон хөгжил, амьдрах орчны бодлогын зөвлөх байсан түүнийг манай уншигчид “Түмэншувуут”-ын гэдгээр нь илүүтэй таних биз ээ.
Монголын мал аж ахуй, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хөгжлийн шинэ шанг татаж, эзэмшсэн мэргэжлийнхээ гавьяаг зүтгэл болтол нь хөдөлмөрлөж яваа түүнтэй хуучиллаа.
-Монголын мал зүйч, Үржүүлэгчдийн холбооны тэргүүн, Хөдөө аж ахуйн ухааны доктор гэх мэт танд хамаарах гуншин дунд “Агро фийд” тэжээлийн үйлдвэрийн зөвлөх гэх албан тушаал байна. Зөвлөхийн ажлын талаар бус тэжээлийн үйлдвэрийнх нь талаар сонирхмоор байна.
-Бид өөрсдийгөө дэлхийн зах зээлтэй өрсөлдөж байна гэж хардаг байх ёстой. Өндөг, сүү, махны салбарт ч ажилласан дэлхийн хамгийн томчуудтай эн зэрэгцэнэ л гэсэн алсын хараатай ажиллаж, зүтгэж чаддаг байвал Монголд үйлдвэрлэл хөгжихийн сацуу хүн бүр ажилтай, орлоготой, хөдөлмөрийн үнэлэмжтэй байж чадна гэж боддог. Тухайлбал, дэлхийн хамгийн том буюу 10 мянган өндөглөгч тахианы аж ахуйд нэг л ажилтан ажиллаж байна.
Манайх гэтэл 6000 өндөглөгчид нэг хүн ажилладаг байх жишээтэй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, бүтээмжээрээ бид тэднээс 40 орчим хувиар доогуур байна гэсэн үг. Тэгэхээр бид үйлдвэрлэлийн дамжлагуудаа механикжуулах замаар бүтээмжээ сайжруулахад анхаарах ёстой байгаа биз. Бүтээмж нэмэгдэж байж дэлхийтэй өрсөлдөнө. Тэдэнд тоогдоно. Бүх салбарт бүтээмжийн асуудлыг ярих цаг болсон нь эндээс харагдаж байна. “Агро фийд”-ийн тухайд тав дахь жилдээ хурдан морины тэжээл үйлдвэрлээд, стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Жил бүр манай борлуулалт 50 орчим хувиар өсөж байгаа тооцоо гарсан.
Бид өнөөдрийн байдлаар гурван төрлийн тэжээл үйлдвэрлэж байна. Манай бүтээгдэхүүний борлуулалтын зах зээл тун боломжийн хэмжээнд байгаа нь мөн л бүтээмж, үнэ цэн, түүнийг дагасан чанартай шууд холбоотой. Тухайлбал, “Хурд” тэжээлийг хурдан морь уядаг, малладаг уяач бүр мэднэ. Хамгийн супер нь гэж хэлж болохоор тэжээл. Үл орлуулах амин хүчил ихтэй, морины тамир оруулах уургийн агууламж өндөртэй. “Шингүүртэй овъёос” гэж байна. Стандартын шаардлага хангасан. Морины идэж байгаа овъёосын шингэцийг сайжруулахын тулд тэжээл, овъёосыг бутлаад, хог шороог нь цэвэрлээд, зохих хэмжээний эрдэс бодис нэмчихсэн. Гурав дахь нь “Амар” овъёос. Энэ бүтээгдэхүүнийг уяачдын өөрсдийнх нь хүсэлтээр гаргаж авсан. Уяачид хоёр шагана овъёос дээр нэг шанага хивэг хийгээд, зуурдаг. Тэгэхээр яг энэ харьцаагаар нь түүхий эдийг нь цэвэрлэж, бутлаад, эрдсээр баяжуулчихсан юм. Мөн бид тахианыхаа тэжээлийг өөрсдөө үйлдвэрлэж байна.
Энэ бүхнийгээ нийлүүлбэл, сардаа 1200 тонн тэжээл үйлдвэрлэж байна. Тодорхой хэлбэл, 20 вагон тэжээлийг сард бид өөрсдөө үйлдвэрлэж байгаа тооцоо гардаг.
-Таныг “Түмэншувуут” компанийн ТУЗ-ын дарга гэдгээр нь бизнесийн хүрээнийхэн андахгүй. Одоогоор хэчнээн ширхэг өндөг зах зээл дээр борлуулж байна вэ?
-Жилд 70-80 сая ширхэг өндөг зах зээл дээр борлуулахаас гадна 200 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Хэрэв, 70-80 сая өндгийг бид гаднаас авбал хэчнээн сая ам.долларыг гадагшаа урсгах байсан бол. Тэгэхээр аль болох хүнс, бусад зүйлээ дотооддоо үйлдвэрлэдэг байхын төлөө манай хүнс, хөдөө аж ахуйн салбарын алсын хараа чиглэмээр санагддаг.
-Таныг малын тэжээл тариалахын тулд Монголд төдийгүй Азид чухалд тооцогдох усалгааны системийг бүрэн шинэчилсэн хэмээн газар тариалан эрхлэгч, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд сайшаах юм билээ. Энэ ажлаа тодорхой ярьж өгөөч?
-Манай компани Увс аймгийн Баруунтуруун суманд байдаг усалгааны системийг иж бүрнээр нь засаж, шинэчлэх ажил хийж байна. Одоогоор 1000 гаруй га дахь байгууламжийн нэг хэсгийг сольчихлоо. Цаашдаа Монголын хамгийн том, өвөрмөц, өөрийн даралтаар усалгаагаа явуулдаг систем болно. Энэ бол ган гачиг боллоо гэхэд эрсдлийг бууруулах өндөр өгөөжтэй ажил юм. Усалгааныхаа системийг түшиглээд, малын тэжээлийн ургамал тариална. Тариалсан ногоон тэжээлээрээ баруун бүсэд махны чиглэлийн том кластер үйлдвэр хөгжүүлэх юм.
-Махны чиглэлийн үйлдвэр хөгжүүлнэ гэхээр гадны улс руу махаа экспортлох гарц нээж байна гэж ойлгож болох уу. Эсвэл зөвхөн дотоодын махны хэрэгцээг хангах юм уу?
-Ер нь бол бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх нэг гарц хайж байна. Ингэхийн тулд хурга бордоно. Бордсон хурганыхаа махыг экспортод гаргах хэтийн төлөвлөгөөтэйгээр энэ ажлыг эхэлсэн юм. Одоо алхам алхмаар урагшилж, бүтэж л байна. Мэдээж холыг зорьж байгаа учраас нэг амьсгаагаар энэ ажил бүтэхгүй. Зугуухан бүтнэ. Гадны хөрөнгө оруулагчдыг хайж олохоос эхлээд ажил их бий. Энэ үйлдвэрлэлийг төр засаг, салбарын яам нь ойлгож, дэмжих ёстой. Урт хугацаатай, хүүгийн дарамт багатай зээлээр биднийг дэмжчихвэл монголчууд нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд, түүнээ гадны зах зээл дээр борлуулж, өндөр ашиг шим хүртэх боломжтой. Монгол малчид хургаа бордож, махаа үнэд хүргэдэг шинэ бизнес, давлагаа бий болно.
-Монгол хонины хургыг бордлоо гэхэд дэлхийд тэргүүлэх махны үүлдрийн хонины жишигт хүрч чадах уу?
-Энэ бол маш том агуулгатай, өндөр үр ашигтай ажил өрнөх сэдэв юм. Бид ногоон тэжээл тариалаад, түүгээрээ хурганыхаа үүлдэр угсааг сайжруулаад, 8-10 сартай өсвөр хонийг 2-3 настай хонь шиг болтол нь бордоод, махыг нь зарна гэсэн үг. Монгол хонь яагаад өсдөггүй юм бэ гэвэл, намраас эхлээд, байгалийн өвс хагдардаг. 180-210 хоногийн турш байгалийн өвс идэж, тарчиг бэлчээрт хариулагатай, хариулагагүй байдлаар дээрх хугацааг өнгөрүүлдэг. Гэтэл бид тэжээлийн ургамлаа тарьчихдаг болбол намар, өвөл нь хургаа бордоод, жинг нь өсгөчихнө.
Монгол хонио өвөл, хаврын улиралд сайн тэжээлээр хангаж чадвал амьдын жинг богино хугацаанд өсгөх боломжтой. Үүний тулд бид хөдөлмөрлөх шаардлагатай. Бэлчээрийн мал аж ахуйн нөхцөлд өвөл, хаврын улиралд мал амьдын жингээ нэмэгдүүлэх бус турж, хоргодуулдаг сул талыг арилгах хэрэгтэй юм аа. Уламжлалт мал аж ахуйн хажуугаар шинэчлэлийг хослуулж, туршиж, ололт бий шүү гэдгийг харуулна. Бидний зорьж байгаа тэжээлийн ургамал тариалах энэ ажил хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хувьсгал авчирна гэдэгт итгэж байгаа. Ингэхдээ байгальдаа ээлтэй, Монгол Улсад ашигтай, бүтээмжийг нэмэгдүүлсэн, нэгж малаас авах ашиг шимийг өсгөсөн, өрхийн орлогыг нэмсэн хувьсгал болно.
-Хургаа бордоод, махыг нь экспортод гаргаад эхэлбэл, нэг хониноос авах ашиг өнөөдрийнхтэй харьцуулахад хэр өгөөжтэй байх бол?
-Малчинд ирэх ашиг 2-3 дахин нэмэгдэнэ. Бид технологийнх нь дагуу өсгөн үржүүлж, бойжуулбал, хурганы нэг кг махыг 10 ам.долларт хүргэж борлуулах боломжтой. Мэдээж үнэ цэн нэмэгдэх тусам ашиг, борлуулалт нэмэгддэг зүй тогтолтой. Бид л Монгол малын мах бол эко хүнс гэх мэтээр магтаад байдаг. Гэтэл нэгдсэн стандартад нийцүүлж махаа бэлтгэж чадахгүй байгаа юм. Тухайлбал, дэлгүүрээс таван удаа мах авахад таван өөр амт, чанартай мах ирдгийг бид мэднэ. Эхний удаа хатуу, хальс голдуу боочихсон, өөхгүй мах ирдэг. Дараагийн удаад овоо сайхан тарган, амттай болчихсон ирнэ.
Түүний дараа шивтэртэй, идэхийн аргагүй мах ирдэг, гэх мэт манайд нэгдсэн стандарт байхгүй. Нэг жигд стандартгүй махыг инпортлогч орны хэрэглэгчид ойлгохгүй. Тэгэхээр бид дэлхийн махны худалдааны зах зээлд махаа нийцүүлье гэвэл тэдний нэхдэг стандартад хүрэх ёстой. Сээрний мах гэсэн л бол амт, өөхний хэмжээ нь хэзээд авсан нэг л янзаараа байх ёстой. Ийм стандартад нийцэхийн тулд хургаа стандартаар нь тэжээгээд, өөх махыг нь жигд болгох ёстой. Тэгээд хурганыхаа махыг сортолно. Арай туранхайг нь нэг сортлоно. Өөхтэй, тарганыг нь сортолно. Ингэж стандартад хүргэж чадвал монгол малын махны үнэ цэн өснө. Тэр бүү хэл тухайн хурга нь хэдэн сарын хэдэнд тариа, тарилга хийлгэсэн бэ гэдэг нь хүртэл бүртгэлтэй, итгэмжлэгдсэн лабораторид бүртгэлтэй байхыг дэлхийн стандарт шаардаж байгаа юм.
-Том зургаар нь харвал, та усалгаатай газар тариаланг дангаар нь хөгжүүлэх бус мал аж ахуйтай түүнийгээ уялдуулж, цогцоор нь хөгжүүлэхийг зорьжээ?
-Яагаад усалгаатай газар тариалан чухал вэ гэхээр бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд юм. Энэ төрлийн газар тариалан хөгжсөн улс орнууд нэг га-гаас 60-70 цент улаанбуудай авч байхад манайх 12 центрийг авч байна. Тэгэхээр бид дэлхийн бүтээмжээс тав дахин доогуур хэмжээтэй буудай хурааж аваад байгаа юм. Ийм үр ашиггүй, өндөр зардал шаардсан бизнес дампуурдаг. Ийм байхад бид яаж дэлхийтэй өрсөлдөж чадах вэ.
Тэгэхээр төрийн бодлого ч мөн бүх салбарын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэх ёстой. Компани, аж ахуй нэгж толгойлоод явж байгаа захирлууд үргэлж ийм өөрчлөлт, шинэчлэлт хийхийг зорих хэрэгтэй. Бүтээмжтэй ажиллаж байж бид ажилтныхаа гар дээр өндөр цалин тавих боломж бүрдэнэ. Бид аль ч салбарт бүтээмж бага байгаа учраас XX зуунаараа, феодлын нийгмийн үнэлэмжээрээ ажилчиддаа бага цалин олгож байна. Тэгэхээр бүх салбарт бүтээмж, бүтээмж, бас дахин бүтээмжийн төлөө бодлогын болоод менежментын өөрчлөлт хийх цаг болсон.
Бид нэг хэсэг зуун төгрөгийн ундаа, зайрмагны үйлдвэр, хоцрогдсон вакум цонх, сендвичний үйлдвэрийг оруулж ирсэн. Аймаг, сум, хот хөдөөгүй ийм цех ажилласан. Бүтээмж бага, хоцрогдсон технологитой, бүтээмж багатай үйлдвэрийг оруулж ирээд нэг, хоёр жил ажиллаад, хаагдсан гашуун туршлагыг бид мэднэ.
-Танайх ажилчдынхаа цалингийн доод хэмжээг сая төгрөг болгосон гэдэг. Дэлхий нийтийг төдийгүй, улс орны эдийн засгийн орчинг хямрааж байгаа цар тахлын үед цалингийн хэмжээгээ өсгөсөн хэвээр байна уу?
-Бидэнд нэг ийм зарчим чухал байна. Бизнесийнхэн нь бизнесээ хийсэн шиг хийгээд, ажилчиндаа цалинг нь өгсөн шиг өгөх ёстой. Чадвартай, мэргэжилтэндээ сайн цалин өгдөг болох ёстой. Бидний нэг дутагдал бол хүн болгон эзэн болох гэж зүтгээд байна. Хүн бүр компанийн захирал болох гээд байна. Гэтэл мэдлэгээ баялаг болгоод, ахуйдаа санаа зовохгүйгээр бүтээмжээ үнэлүүлээд явбал ажлын байрны үнэ цэн өссөөр л байна. Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд энэ мэтээр ажилтныхаа хөдөлмөр, мэдлэгийг үнэлээд эхэлчихсэн. Одоо бусад нь энэ зарчим руу явмаар байна. Компаниуд нийтээрээ чадавх сайтай, өрсөлдөөний шударга тогтолцоо руу шилжиж байж ажилтан сайн цалин авна. Ганц эзэн бус бүгд хожно.
Манай хамгийн доод шатлалын ажилтан гэхэд л нийгмийн даатгал бусад татвараа төлөөд, гар дээрээ сая төгрөг авдаг. Энэ цаг үед бидний хэн нь ч гар дээрээ сая төгрөг авч чадахгүй бол ажил хийгээд яах юм бэ. Амьдралд, бидний хэрэгцээнд цалин хүрэлцэхгүй шүү дээ. Ажиллаж, ажиллачихаад, орон гэр, үр хүүхдээ хаяж хөдөлмөрлөчихөөд багахан цалин авч байгаа хүн бүхэнд хулгай хийх юм уу, ямар нэгэн байдлаар өөр аргаар мөнгө олон хүсэл төрдөг. Өөрөөр яах юм бэ. Нийгэмд цалингийн тогтолцоо шударга бус, хөдөлмөрийн үнэлэмж муу байгаа учраас бүх шатны ажлын байранд бүтээмж алдагдсан. Хүн бүр хумслах, авлига авах, ажилдаа чин сэтгэлээ зориулахгүй байх үзэл, хандлагатай болсны шалтгаан нь ердөө л цалингийн хэмжээ муу байгаагийн илрэл. Манай компани энэ зарчмыг мэддэг учраас ажилтныхаа сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд цалинг нь сайн өгдөг, тэр хэрээрээ хариуцлага нэхдэг.
-“Түмэншувуут” компаниа анх байгуулж байхдаа өнөөдрийн хэмжээнд ашигтай, өндөр бүтээмжтэй ажиллана гэж тооцоолж байв уу?
-“Түмэншувуут” компани 20 жил үйл ажиллагаагаа явуулж байна. Анх бизнес хийж эхлэхдээ мөнгө олно гэж толгой дотроо тоо бодвол урт хугацаандаа амжилттай байдаггүй шиг надад санагддаг. Бид анх “Түмэншувуут”-аа байгуулахдаа их өөдрөгөөр бодсон. Дэлхийн жишигт хүрсэн, хамгийн гоё аж ахуй болгож, хамгийн чанартай өндгийг хүмүүст хүргэнэ гэсэн зорилго тавьсан. Мөнгө, ашгийг нэн тэргүүнд тавихгүйгээр үнэний төлөө зорьсон. Уяач хүн ямар моринд дуртай байдгийг мэдэх үү. Гараанаас гараад хоёр км хурдалж тасраад, суудаг морь бий.
Ийм морь ямар ч урамгүй. Харин барианаас гараад жигд хурдаар урагшилсаар алсын зайнд урагшилдаг моринд уяачид хайртай байдаг. Тэгэхээр яг үүн шиг бизнес ч мөн урт хугацаандаа тогтвортой, урагшилсаар байвал хамгийн тогтвортой ашиг өгдөг. Тэгэхээр хамгийн сайныг хийнэ гэж бодож бизнес хийх ёстой. Ийм итгэл үнэмшил, ноён нурууг барьж “Түмэншувуут”-ыг үүсгэн байгуулж байсан. Тухайн үед “Бөхөг” 5-6 сая өндөг үйлдвэрлэж байсан үе. Өндөгнийхөө зах зээлийн 90 хувийг Монгол Улс ОХУ-аас оруулж ирдэг байлаа. Ингээд бид 20 мянган өндөглөгч тахиатайгаар бизнесээ эхэлж, өнөөдрийн байдлаар 300-гаад мянган өндөглөгч тахиатай болтлоо томорчээ.
-Аливаа нэг салбарт тогтвортой амжилт гаргахын тулд танд хамгийн их хэрэг болсон зан чанар юу вэ?
-Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстойг ойлгосон. Би 1990 оноос эхэлж бизнес хийсэн хүн. Тахианы аж ахуй руу 2003 онд орсон. Гэтэл би өнөөдрийн дарга нарын унаж давхиад байгаа Ланд курузер-200 маркийн цоо шинэ машиныг 2015 онд л авч унаж байлаа. Хорин жил бизнес хийхдээ би олсон мөнгөөрөө үйлвэрээ өргөжүүлэхийг чухалчилсан болохоос үнэтэй машин авна гэж зориогүй.
Мөн хүн чанар, ёс зүй гэдэг юмыг сайтар бодохгүй бол цааш хөгжихөд хүнд байдгийг хэлж чадна. Учир нь хүний адгууснаас ялгарах гол зүйл бол ёс зүй. Энэ цагт ёс зүйг хүүхэд хүмүүжүүлэхээс эхэлмээр байна. Ёс зүйн ямар ч хүмүүжилгүй, ухаалаг утас шагайсан залуус бэлтгэгдвэл энэ нийгэмд хөгжил ярих хүн олдохгүй. Хүн гэлтгүй, улстөрийн нам хүртэл ёс зүйтэй, лидерийн эрэлд гарах ёстой.
-Улс төр гэснээс та нэгэн цагт АН-ын генсек явсан. Харин одоо та улс төрөөс хол байгаа гэж өөрийгөө хэлж чадах уу?
-Одоохондоо хол байна. Миний хувьд 2012-2016 онд намынхаа генсек байсан. Энэ хугацаандаа намаа сонгуульд ялуулж чадаагүй. Тиймээс би хариуцлагаа хүлээгээд, дуугүй л сууж байна. Энэ бол хувь хүнийхээ хувьд улс төрийн өмнө хүлээсэн миний хариуцлага.
СЭТГҮҮЛЧ М.МӨНХТУНГАЛАГ
Мэдээний эх сурвалж: https://newswire.mn/?p=11764