• 2024-03-29

“ГАЗАР ТАРИАЛАН 2021” (ТАРИМЛЫН ҮР, СОРТЫН АСУУДАЛ) ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БАГА ХУРЛААС ГАРСАН САНАЛ, ЗӨВЛӨМЖ 

2021 04 07-08 

Улаанбаатар хот

Хурлыг 2021 оны 4-р сарын 7-8-ны өдрүүдэд ХХААХҮЯ, ХААИС, Герман-Монголын хамтын ажиллагааны ХАА тогтвортой хөгжил төсөл, Монголын Агрономчдын холбоо ТББ хамтран зохион байгуулж ХААИС-ийн АЭС-ийн Газар тариалан, хөрс судлалын тэнхим удирдан цахимаар явууллаа. Тус хуралд нийт 21 илтгэл хэлэлцэгдэж, оролцогчид санал бодлоо солилцлоо. Цахим хуралд эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн төлөөлөл 100 хүртэл тооны хүн оролцсноос гадна шууд дамжуулсан бичлэгийг 10000 гаруй хүн үзэж сонирхсон байна. 

Хурлаас газар тариалангийн салбарын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх нэг гарц нь таримлын үрийн аж ахуйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрхлэн явуулах асуудал болохыг цохон тэмдэглэж таримлын селекци, үр сортын талаар хийгдсэн судалгаа, цаашдын зорилтын талаар ЭШБайгууллагууд,  эрдэмтэд судлаачдын илтгэлүүдийг сонсож хурлын ач холбогдлыг өндрөөр үнэлэн цаашид жил бүр уламжлал болгон салбарын өмнө тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байх нь зүйтэй гэж үзлээ. 

Байгаль, цаг уурын нөхцөл жилээс жилд хувьсан өөрчлөгдөж буй  өнөө үед өөрийн бүс нутгийн цаг уурын онцлогт тохирсон таримал, сортуудын үрийг үржүүлдэг үрийн аж ахуйн оновчтой, цогц систем зүй ёсоор үгүйлэгдэж байгааг онцлоод дараахь санал, зөвлөмжийг дэвшүүлж байна:

Үр тарианы үрийн аж ахуйг шинэчлэх үндсэн чиглэлүүд:

  • Үрийн шинэчлэлт тогтмол тасралтгүй явагдах, дотоодын элит үр үйлдвэрлэлийг хөгжүүлэх, 
  • Үрийн бизнесийг хөгжүүлэх /үнэ, техник хөрөнгө оруулалт, үр үйлдвэрлэх гэрээ тендер/
  • Анхдагч үрийн аж ахуйн бүтэц зохион байгуулалт, технологийг шинэчлэх, чадавхийг сайжруулах, 
  • Үр үйлдвэрлэлийн хэмжээ, ялангуяа эх материал үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
  • Үр үйлдвэрлэгч аж ахуйг зөв сонгох, жинхэнэ утгаар ажиллуулах
  • Аж ахуйн үрийн аж ахуйн талбарууд байгуулах, өөрийн үрээр тариалах, сортын агротехникийг аж ахуйн нөхцөлд хэвшүүлэх хөгжүүлэх ажиллагааг бүх талаар хөхүүлэн дэмжих

 

Төмс, хүнсний ногоо:

  • Үр үйлдвэрлэгч нарын чадамжийг дээшлүүлэх
  • Үр үйлдвэрлэгчдэд техник, тоног төхөөрөмийн дэмжлэг үзүүлэх
  • Нутагшсан сортын үр үржүүлэгчийг урамшуулалд хамруулах
  • Үрийн талбайн хянан баталгааг зохион байгуулах 
  • Үр сортын шинэчлэлт хийх, импортыг орлох үйл ажиллагааг дэмжих
  • Үрийн борлуулалтын тогтолцоог хянах

Жимс жимсгэнэ:

  • Жимс жимсгэний таримлын сорт сорилт, селекцийн анхдагч үржүүлэг, бойжуулга, суулгац үйлдвэрлэлийг бүсчилэн хөгжүүлэх.
  • Ган, хүйтэн, өвчин хортонд тэсвэртэй баталгаажсан сортын суулгацын хангамжийг нэмэгдүүлэх.
  • Эрдэм шинжилгээний байгууллага, томоохон аж ахуй нэгжийг түшиглэн тарьц, суулгацыг шинжлэх ухааны үндэслэлтэй үржүүлэх.
  • Нутгийн болон гадаадын сортуудыг эрлийзжүүлэг, шилэн сонголтонд ашиглаж эх орны сортын эх материал гаргах.
  • Алим, чавганы залгаастай суулгац үржүүлэх технологийг эзэмшин өөрийн оронд ургуулсан суулгац эх материал гаргах.
  • Бортгонд суулгац үржүүлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлэн тариалалтын хугацааг уртасгаж суулгацын амьдралт чанарыг сайжруулах.
  • Алим, чавга, интоор нэрс, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, хад зэрэг жимс жимсгэний сортын суулгацын ил талбайн болон хүлэмжийн эх цэцэрлэг, үржүүлгийн загвар аж ахуй байгуулах.

 

Тэжээлийн болон тосны ургамал: 

  • Тэжээлтйн 1 болон олон наст үет буурцагт ургамлын үр, нутгийн болон нутагшсан сортын үр үржүүлгийг хөгжүүлэх.
  • Аж ахуйн нэгжүүд нутагшсан болон ирээдүйтэй сортоо хадгалах, үржүүлэх механизмыг боловсронгуй болгох, сорт сорилт, тэжээл үйлдвэрлэлийн бүх шатанд бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх
  • Тэжээлийн болон тосны ургамлын анхдагч үрийн аж ахуйг хөгжүүлэх, үр үржүүлэгч, үйлдвэрлэгчдэд техник тоног төхөрөмжийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх, урамшууллын механизмыг бий болгох, борлуулалтын тогтолцоог шинэчлэх.  
  • Бүсчилсэн судалгаа, үр үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж шинэ таримал сортуудыг бүсчлэн үржүүлэхэд анхаарах.
  • Импортыг орлох үйл ажиллагааг дэмжих, тэжээл, тосны таримлын үрийг стандартад нийцүүлэн нөөц бүрдүүлэх.

 

Сорт сорилтын талаар:

  • ХХААХҮЯ-наас сорт судалгааг янз бүрийн байгууллага, хүмүүс хийж байгааг анхаарч нэгдсэн нэг арга зүйгээр хангах, арга зүйг шинэчлэн сайжруулах ажлыг зохион байгуулах, сургалт зохион байгуулах., хөхүүлэн дэмжих. 
  • Сорт сорилтын арга зүйг таримал болгоноор гаргаж нэг товхимол болгон түгээх.
  • Хянан баталгааны стандарт бусад эрх зүйн баримтуудыг боловсруулах, сурталчлах, боловсронгуй болгох.
  • Жил бүр хамгийн өндөр ургац авсан газрын ургацыг хэмжиж баталгаажуулах, сурталчлах.

Сорт шинэчлэлт, сорт солилт:

  • Нутагшсан болон ирээдүйтэй сортуудын үр үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотооддоо хэрэгцээгээ хангах бодлого хэрэгжүүлэх.
  • Тоног төхөөрөмжийн шинэчлэл, боловсон хүчний хангамж, сургалт дадлагажуулах үйл ажиллагааг шинэ шатанд гаргах.
  • Бүсчилсэн судалгаагаар сорт шалгаруулах, баталгаажуулах, үр үржүүлэх, сорт солих үйл ажилагааг хяналттай болгох бүтцийг боловсронгуй болгож шинэчлэх.
  • Гаднаас оруулж ирж буй сортуудад хяналт тавих, нутагшсан болон ирээдүйтэй сортуудын баталгаажсан үр оруулж ирэхэд анхаарах.
  • Үрийн борлуулалтын тогтолцоог шинэчлэх, үрийг зээлээр борлуулах үйл ажиллагааг хянах.
  • Өөрийн үйл ажиллагаагаар үрээ үйлдвэрлэж буй аж ахуй, нэгжүүдэд түшиглэн нутагшсан болон ирээдүйтэй сортуудыг түгээх, технологийн дэмжлэг үзүүлэхэд анхаарах.

Үр сортын хуульд болон эрх зүйн хүрээнд:

    • Үр сортын шинэчилсэн хуулийн төсөлд- Зохиогчийн эрхийн тухай асуудлыг нарийвчлан тусгуулах.
    • Сорт гаргаж байгаа хувь хүн, байгууллагын зохиогчийн эрхийг хамгаалах.
    • Сортын ашиглалт хэрэглээний явцад зохиогчийн эрхийг зохистойгоор мөрдүүлэх, сорт гаргах үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих механизмыг боловсронгуй болгох
    • Хуулийн төслийн хэлэлцүүлэг, батлуулах үйл явцад мэргэжлийн хүмүүсийг түлхүү оролцуулах боломжийг хангах.
  • Сортын эрх зүйн орчныг боловсронгуй болгож мөрдүүлэх.
  • Татварын асуудалд бодлогын дэмжлэг үзүүлэх.
  • Үр үйлдвэрлэгчдийг татвар, зээл, техник технологийн үйл ажиллагаагаар дэмжих.

 

“ГАЗАР ТАРИАЛАН 2021” (Таримлын үр, сортын асуудал) 

эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хуралд оролцогсод