• 2024-11-21

2021 оны буудайн тариалалтад баримтлах технологийн зөвлөмж 

Б.Дорж,  доктор Sc, профессор 

Ж.Намбар, доктор Ph, дэд профессор 

 

Далай тэнгисээс алслагданөндөр уулсаар хүрээлэгдэн оршдог манай орон жилийн аль ч  улиралд хаврын тариалалтын үед хур тунадас бага, хөрс агаарын хуурайшилт дээд цэгтээ хүрдэг онцлогтой. Ийм нөхцөлд үр тарианы ургац буй болоход хөрсний угтвар чийгийн хэмжээ V, VI сард орох тунадас болон температур ихээхэн нөлөө үзүүлдэг. Өнөө жилийн хувьд эдгээр үзүүлэлтүүд манай тариалангийн бүсүүдэд харилцан адилгүй байна. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээлэлийн  хүрээлэнгээс 2020 оны намар газар хөлдөхийн өмнө уринш, гуурстай   талбайд тодорхойлсон хөрсний 0-20 ба 0-50 см гүний ашигтай чийгийн хэмжээ V, VI, VII саруудад унах тунадас, дулааны төлөвт тулгуурлан 2021 оны буудайн тариалалтанд мөрдөх технологийн зөвлөмжийг боловсрууллаа. Энэ зөвлөмжид тулгуурлан тухайн орон нутгийн хэмжээнд талбай бүрээр нарийвчилсан агрозөвлөмж боловсруулж мөрдөж ажиллавал зохино.      

Ургацад гол нөлөөтэй эдгээр үзүүлтүүдийг багцлан авч үзэхэд тариалангийн төв ба баруун бүсүүдэд тохиромжтой, харин зүүн бүсэд нилээд тааламжгүй байгаа боловч оновчтой ашилаж чадвал чамлахааргүй нөөц байна.   

Байгалийн энэ өгөөжийг яаж ашиглах нь тариачид бидний хөрс ургамалтай харьцах мэдлэг, ур чадвараас шууд хамаарна. Хөрсний чийг, ургалтын хугацаанд унах тунадасдулааныг ургамлын өсөлт хөгжилтийн үе шатууд дахь шаардлагад тохируулах замаар ургацыг буй болгоно. Цаг агаарын нөхцөл бол хэнд  ч өмчлөгддөггүй, богинохон хугацаанд буй болоод ёстой үдлээд өнгөрдөг, эргэж олддоггүй  баялаг учраас түүнийг зохих хугацаанд нь ашиглах хэрэгтэй. 

Хөрсний чийгийг хадгалах, үр дүнтэй ашиглах агротехнологийг мөрдөх, сортыг оновчтой сонгох, стандартын шаардлага хангасан том фракцын үрээр тариалах, тарих үрийг нарлуулах, салхилуулах зэргээр соёолох чадварыг нэмэгдүүлэх, ариутгах, ургамал ургалтын хугацаанд ургамал хамгаалал болон бордох тордох зэрэг технологийн арга хэмжээг цогцоор нь мөрдөхөд онцгой анхаарах шаардлагатай байна.   

Тариалангийн төв бүс: Манай орны газар тариалангийн бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг энэ бүсэд хамаарагдах Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл аймгуудын ихэнх сумуудад өнгөрсөн намар газар хөлдөхийн өмнө уринш, гуурстай талбайн 0-50 см гүний чийг хангалттай байгаагийн дээр  сард олон жилийн дунджаас ахиу тунадастай,  дулааны хэмжээ  олон жилийн дундаж  орчимд байх төлөв гарчээ. Эндээс үзвэл уринш ба гуурстай талбайн алинд нь ч үр тарианы соёололтонд тохиромжтой нөхцөл бүрдэхээр байна. Цаашлаад VI, VII саруудад   унах тунадас ба дулаан мөн л олон жилийн дундаж хэмжээнд байх төлөвтэй. Ийм нөхцөлд Хөвсгөл,  Архангай, Өвөрхангайн  өндөрлөг газарт оршдог тариалан бүхий  сумуудад тарилтыг эртхэн V сарын 01-нээс эхлэх хэрэгтэй. Энд хүйтэнгүй хоногийн тоо болон ургалтын хугацааны  идэвхтэй (+100С-аас дээшдулааны  нийлбэр харьцангуй бага  байдаг тул буудайн эртийн болцтой Халх гол-1, Дархан-131, Дархан-160 сортуудыг ахиухан нормоор тариалах хугацааны сүүл рүү  , дунд болцтой  Дархан-34, Дархан-74, Дархан-166, Бурядская остистая, Алтайская-70, Алтайская-75, Алтайская-325 зэрэг сортыг тариалангийн талбайн 20-30%-иас хэтрүүлэлгүй эртийн хугацаанд тариалах боломжтой.  

 Тариалангийн төв бүсэд багтдаг Төв аймгийн Угтаал, Цээл, Борнуур, Архангайн Түвшрүүлэх зэрэг газруудад хөрсний 0-20 см гүнд чийгийн хангамж хүрэлцээгүй  (7-15 мм) учраас тариалалт эхлэх хугацаа арай хожуу V сарын бороог  угтуулж тарих нь зүйтэй ба энэ тохиолдолд үрийн нормыг бага зэрэг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үрийн норм ахиу тариалах тохиолдолд намар буудайн болц түргэсэх нэг нөхцөл болдогийг санахад илүүдэхгүй.  

Тариалангийн төв бүсийн бусад газруудад тарилтыг V сарын 05-наас  эхлэж буудайн Дархан-144, Дархан-181, Бурятская-34, Сэлэнгэ, Алтайская-530 зэрэг  дунд оройн болцтой сортуудыг тариалалтын эхний хугацаанд, дунд болцтой Дархан-34, Дархан-74, Арвин /Дархан-166/, Бурятская-79, Бурятская остистая, Алтайская-100, Алтайская-325 зэрэг сортуудыг тариалалтын тохиромжтой хугацаанд, эрт болцтой Халх гол-1, Дархан-131, Дархан-160 сортуудыг тохиромжтой хугацааны сүүл рүү тариалах шаардлагатай. Нэг га-д 3.5 сая ширхэг соёлолттой үр орохоор тохируулна. Тариалалтыг 5-р сарын 25  гэхэд дууссан байхаар ажлаа төлөвлөх хэрэгтэй. 

Гуурстай талбайд тарих эсэхээ орон нутгийн хэмжээнд өөрсдөө шийдэх бөгөөд хэрэв тарих бол үртэй хамт азотын бордоог 20 кг-аас (үйлчлэх бодист шилжүүлснээр) багагүй хэмжээгээр  хийж өгвөл сайн. Үе үе бага зэргийн бороо орох нь хог ургамлыг ургуулах нэг нөхцөл болдог тул хог ургамал ихтэй талбайд буудайн бутлалтаас гол хатгалтын үе шатанд гербицид цацна. Хортон шавж, өвчин гарсан тохиолдол бүрт тохирсон ургамал хамгааллын бодисыг шүршиж тэмцэнэ.  

Баруун бүсТариалангийн зонхилох хувь нь Увс аймгийн Баруунтуруунаас гадна Завханы Тэс, Асгатад бага хэмжээний газарт тариалан эрхэлж байна. Баруунтуруунд хийсэн тодорхойлолтоор өнгөрсөн намар газар хөлдөхийн өмнө гуурстай талбайн 0-50 см гүнд 84.0 мм чийгтэй байж энэ нь үр соёолоход хангалттай хэмжээ юм. Цаашлаад VI сард олон жилийн дундажаас ахиу тунадас унах төлөвтэй байгаагаас үзвэл буудай бутлалтаас гол хатгалтын шатанд чийгээр дутагдахгүй бололтой. Агротехникийн тохиромжтой хугацааны сүүлийн хагаст тариалах талбайн 80 хүртэл хувьд нь  эрт болцтой сортыг, 20 орчим хувьд нь дундын болцтой сортыг хугацааны эхээр 100-130 кг орчим соёолох чадвартай үрээр тариална. Мөн тарих талбайгаа азотын бордоогоор бордох, тарилтын дараа булдах шаардлагатай. Тариалалтыг V сарын 01ээс эхлэж V сарын 20-ны дотор дуусгах хэрэгтэй. 

 Зүүн бүс: Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн хойд хэсэгт өнгөрсөн намар газар хөлдөхийн өмнө хөрсний 0-50 см гүний чийгийн хангамж уринш, гуурстай талбайн аль алинд  дунд зэрэг буюу 43-46 мм байжээ. Өнөө жил энэ бүсэд  V сард олон жилийн дундаж орчим, VI сард  дунджаас бага тунадастайн дээр V, VI сард дулааны хэмжээ их  байх төлөв  гарсан нь ургац бүрэлдэхэд  тохиромжгүй нөхцөл юм. Иймээс тарих хугацааг тохируулах, сортыг зөв сонгоход  онцгой анхаарвал зохино. 

Агротехникийн тохиромжтой хугацааныхаа эхний хагаст дундын болон дунд оройн сортуудыг, хугацааны сүүлээр эртийн сортыг сонгож, үрийн нормыг хуучин мөрддөг хэмжээнээсээ ялимгүй нэмэгдүүлээд таривал зохино. Тарилтыг өөртөө булгүй  үрлүүрээр хийсэн тохиолдолд араас нь заавал булдаж хөрсийг нягтруулж өгвөл зохино.  

Гандуу байх төлөвийг харгалзан эрт болцтой Халх гол-1, Дархан-131, Дархан-160 сортуудыг нэг га-д 3.5-4.5 сая ширхэг нормоор оройн хугацаанд тариалах чиглэл барих  нь зүйтэй. Чийгийн хангамж багатай, салхи ихтэй нутгуудад ногоон тэжээлийн чиглэлээр V сарын сүүл VI сарын эхээр масс ихтэй таримлуудыг тариалах хэрэгтэй. 

Зүүн бүсийн ой тайгатай өндөр уулсаар хүрээлэгдсэн хойд хэсэгт Хэнтий аймгийн Баяндрага суманд тариалан эрхлэдэг “Мөнхийн дуурлиг, “Идэр Онон” зэрэг компаниуд  тогтвортой ургац авдаг нь бичил цаг агаарын нөхцөл чухал нөлөөтэйг харуулж байгаа юм. Ийм газруудад өөрсдийн мөрдөж ирсэн технологиор тарих нь зүйтэй.  

Дорнод, Хэнтийн хойд хэсгээр эртийн болон дундын болцтой сортуудыг түлхүү тариалах нь зүйтэй.  

Монголын тариаланд 3-4 жил тутмын 1- 2 жилд нь ган хуурайшил тохиолдож ургац алдах нь ихэсч байгаа өнөөгийн нөхцөлд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тариалангийн технологийг мөрдөх шаардлагатай байна.  

  • Тариаланг цомхотгосон, элдэншүүлэггүй болон сүрлэн хучлагын технологид шилжүүлэх 
  •   Эрдэс болон шим бордоог системтэй хэрэглэх замаар тариалангийн хөрсний үржил шимийг сайжруулах, ургац нэмэгдүүлэх 
  •  Ганд тэсвэртэй экологийн хувьд дасан зохицох чадвар сайтай шинэ таримал сортоор тариалалт хийх   
  •  Нутагшсан сортын сайн чанарын үрээр тариалалт хийх   
  • Таримлын бүтцэд хөрс хамгаалах, үржил шимийг сайжруулах буурцагт таримлын эзлэх хэмжээг нэмэгдүүлэх 
  • Хөрс боловсруулах, тарих, хураах, цэвэрлэх машин техникүүдийн засвар үйлчилгээ, тохируулгыг цаг тухайд чанартай хийх зэрэг болно.  

Цаг агаарын өөрчлөлт, ган хуурайшилт нэмэгдэж ургацын хэмжээ чанарт сөргөөр нөлөөлж байгаа ч тариаланчид бид тариалах технологийн горимыг мөрдөж ажиллах шаардлагатай байна.