• 2024-11-23

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ нар Төв, Булган, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ аймгийн тариалан бүхий сумдад хаврын тариалалтын явц, төрөөс тариаланчдад үзүүлж буй дэмжлэгийн хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, эрчимжүүлэх зорилгоор ажиллалаа.

Булган аймгийн хэмжээнд энэ жил 43.2 мянган га-д тариалалт хийхээс 42 орчим мянган га нь улаанбуудай юм. Өнөөдрийн байдлаар үр тарианы тариалалт 46.9 хувьтай үргэлжилж байгаа бол төмс 6.9 хувь, хүнсний ногооны тариалалт 34 хувьтай явагдаж байна.

Энэ жил Хөвсгөл аймаг 17 мянган га-д үр тариа, 700 га-д төмс хүнсний ногоо, 1200 га-д тэжээлийн ургамал тариална. Тариалалтын ажил өнөөдрийн байдлаар 76 хувьтай үргэлжилж байна.

Орхон аймгийн хувьд газар тариалангийн төв бүсэд байдаг ч газар нутгийн хэмжээ багатай. Энэ жилийн хувьд 4300 га-д үр тариа, 330 га-д хүнсний ногоо, 300 га-д төмс тариалалт хийнэ. Тус аймагт хаврын тариалалтын ажил 70 хувьтай үргэлжилж байна.

“Энэ жилээс Монгол Улс хүнсний хангамж-аюулгүй байдалд онцгойлон анхаарч, ойрын таван жилийн хугацаанд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо бүрэн хангадаг болох томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлж Монголчуудыг эх орны хөрсөнд ургасан эрүүл, эко бүтээгдэхүүнээр хангахад хөдөө аж ахуйн салбарынхны хөдөлмөр, үүрэг оролцоо нэн чухал. Тийм учраас хаврын тариалалт явагдаж буй энэ чухал цаг үед тариан талбайд баялаг бүтээгчидтэйгээ биечлэн уулзаж, асуудлыг нь сонсож, даруй шийдвэрлэх нь чухал” болохыг Дэд сайд Г.Батсуурь онцолж байлаа.

Эх сурвалж: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

Холбоос: https://mofa.gov.mn/exp/article/entry/2738

https://www.facebook.com/mofagovmn/videos/409920180987675