• 2024-12-03

Монгол орны онгон зэлүүд нутагт оньсон техникийг жолоодон атрын анхны шанг татаж, газар тариалангийн салбарын тулгын чулууг тавилцаж, арвин ургацаар ард олныхоо хүнсийг бэлтгэж ирсэн үе үеийн тариаланчид, механикжуулагчид, ажилтан, ажилчид Та бүхэндээ Монгол улсад Атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, хөгжил дэвшил, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж дотоодын хэрэгцээгээ хангах, шинэ техник, технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх зорилгоор түүхэндээ Атрын гурван аяныг зохион байгууллаа. Аян бүр өөр өөрийн онцлогт тохирсон ахиц өөрчлөлт,  технологийн дэвшил, түүхэн сургамжийг үлдээлээ.  Төр, Засгийн газраас Атрын анхдугаар аяныг зарлаж, 1959-1962 онд 350 мян.га, 1961-1965 онд 625,0 мян.га атар газар шинээр эзэмшиж, атрын 10 сангийн аж ахуйг байгуулж, 100,0 мян.тн.үр тариа цэвэрлэх үтрэм, улсын үрийн нөөцийн  45 мян.тн багтаамжтай 14 агуулахыг  ашиглалтад оруулсан байна. 1973 онд улсын хэмжээнд анх удаа 516,0 мян.тн. үр тариа хураан авчээ. Анхдугаар аяны хүрээнд  үндэсний мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчин бэлтгэх их, дээд сургууль, техникум, техник мэргэжлийн сургууль, Эрдэм шинжилгээний байгууллагууд байгуулагдсан зэрэг үр дүн гарсан байна.

Атар газар эзэмших анхдугаар аяны үр дүн, нийгэм эдийн засгийн ач холбогдолд үндэслэн тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой нэмэгдүүлэх зорилгоор шийдвэрлэж, “Атар-II аян”-г зохион байгуулжээ. 1976-1990 онд Монголын ард түмний хөдөө аж ахуй дахь бүтээн босголтын үр дүнд газар тариалангийн салбар маань  шинжлэх ухаан, техник, технологийн ололтод тулгуурласан техникжиж механикжсан орчин үеийн үйлдвэрлэл болсон байна. 1990 онд газар тариалангийн үйлдвэрлэлд 11000 орчим трактор, 2500 орчим үр тарианы комбайн, 340 гаруй төмсний комбайн, 6720 үр тарианы үрлүүр, 2200 анжис, 4440 сийрүүлүүр ажиллаж байсан нь 1970 оныхоос бараг гурав дахин нэмэгдсэн байна. Энэ бүхний үр дүнд хаврын тариалалтыг 10-12 хоногт , уриншийн нэг удаагийн боловсруулалтыг 10-15 хоногт, үр тарианы  хураалтыг 20-25 хоногт багтаан дуусгах боломж бүрдүүлж чадсан байна.

Газар тариалангийн үйлдвэрлэл, түүхэн хөгжил явцдаа байгаль цаг уурын нөлөөлөл дор өгсөж, уруудаж байсан, зах зээлийн шилжилтийн үед хүнд бэрх сорилттой тулгарч байсан үе бас байжээ. Улсын хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэлийн зохион байгуулалт, техник, технологийн бодлого алдагдаж, нийт эргэлтийн талбайн 60 гаруй хувь нь ашиглагдахгүй болсны улмаас үр тариа, гурилынхаа 70 гаруй, хүнсний ногооны 60 гаруй хувийг импортоор авахад хүрч байжээ. 2005 онд улсын хэмжээнд 70,0 гаруй мянган тонн үр тариа хураан авсан байгаа.

Монгол Улсын Засгийн газраас 2008 онд “Атрын 3 дахь аян” үндэсний хөтөлбөрийг зарлаж тариалангийн салбарыг сэргээн хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн байна. Атар газрыг эзэмших өмнөх хоёр аяныг ЗХУ, хамтын нийгэмлэгийн техник, эдийн засгийн дэмжлэг, мэргэжилтнүүдийн зөвлөмжтэйгөөр зохион байгуулж хэрэгжүүлсэн бол Атрын 3 дахь аяныг төр, хувийн хэвшлийн хамтын хөрөнгө оруулалт, үндэсний мэргэжилтнүүдийн хүчээр хэрэгжүүлсэн юм.

Атрын энэ аяны хүрээнд жил бүр 400,0-460,0 мянган тонн улаанбуудай, 150,0-240,0 мянган тонн төмс, 92,0-102,0 мянган тонн хүнсний ногоо хураан авч, гурилын хэрэгцээний улаанбуудай, төмс, гол нэрийн зарим хүнсний ногоогоор дотоодын  хэрэгцээгээ хангаж байна.

Газар тариалангийн үйлдвэрлэлд орчин үеийн зүтгэх хүчний трактор 2000 гаруй, үр тариа хураах комбайн 1200 гаруй, хөрс боловсруулах, үрлэх, ургамал хамгааллын зориулалттай хөдөө аж ахуйн чиргүүл дүүжин машин 4000 гаруй, бага, дунд оврын трактор 5500 гаруй ажиллаж байгаа нь хаврын тариалалтыг 14-18 хоногт, уриншийн нэг удаагийн боловсруулалтыг 7-10 хоногт багтаан гүйцэтгэх боломжтойг харуулж байна.

Улсын хэмжээнд 358 иргэн аж ахуйн нэгжийн 362 үтрэм ашиглаж байгаа бөгөөд аж ахуйн дотоодын хэрэгцээний болон үрийн зориулалттай агуулахын багтаамж нь 269,5 мянган тонн үр тариа хадгалах зориулалттай элеваторын багтаамж нь 523,0 мянган тоннд хүрсэн байна. Төмс, хүнсний ногооны 210,2 мянган тонн багтаамжтай 10,0 гаруй мянган зоорь ашиглагдаж, нийт шаардлагатай хангамжийн 53 хувийг бүрдүүлж байна.

Атар эзэмшсэн, газар тариалангийн салбарыг хөгжүүлсэн явдал бол хөдөөг цахилгаанжуулж хөгжүүлсэн, хөдөөд хот, тосгон, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, засвар үйлчилгээний газар, авто тээвэр, шуудан харилцаа холбоо, нийтийн ахуйн үйлчилгээ зэргийг багтаасан  цогцолбор төвүүдийг бий болгосон том бүтээн байгуулалтын түүх байлаа.

Бүтэн жарны туршид газар тариалангийн салбарт ажиллаж, ард олноо эх орны үржил шимт хөрсөнд ургуулсан хүнсний бүтээгдэхүүнээр хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлсэн үе үеийн тариаланчид, механикжуулагчид, ажилтан, ажилчид Та бүхэндээ үеийн үед арвин ургац, амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөл өргөн дэвшүүлье!

Монгол оронд минь тариа будаа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ үржин дэлгэрч байх болтугай.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

           Ч.Улаан