• 2024-11-21

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн өдөр бид Монгол Улсын Ерөнхий сайд асан, ХАА-н ухааны доктор, гавьяат агрономич Ш.Гунгаадорж болон газар тариалангийн салбарын зарим гавьяатантай уулзаж сэтгэгдлийг нь сонссон юм. 

ХАА-н ухааны доктор, гавьяат агрономич Ш.Гунгаадорж, “Өнөөдөр сайхан үйл явдал болж байна. Энэ ой бол Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариалан бие даасан салбар болж улс орон, хүн амаа гурил будаагаар, мал аж ахуйг тэжээлээр хангасан түүхэн үйл явдал юм.

Ач холбогдлын хувьд, зөвхөн тариаланчдын бус, нийт ард түмэн хамаарах, Монголын ард түмний баяр юм. Монголын мал аж ахуй зудаас бүрэн хамааралтай байсныг малын тэжээлийн баазыг бий болгосон ийм том салбар юм. Энэ ойн баяраар МОНЦАМЭ агентлагаар дамжуулан нийт Монголынхоо ард түмэнд баярын мэнд хүргэж, хүнс тэжээлээр элбэг хангалуун, эрүүл энх сайхан амьдрахыг хүсэж байна.

-Та атар газартай, газар тариалангийн салбартай анх яаж холбогдсон бэ?

-Би 1959 оны намар, 8 дугаар сард Москва хотод Тимирязевын нэрэмжит ХАА-н академийг агрономич мэргэжлээр төгсөж ирсэн. Яг цаг үе нь таарч Атар газар эзэмших намын Төв хорооны шийдвэр гарсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхээр САА-нуудыг удирдах газар байгуулж, тэр үед Говь-Алтай аймгийн намын хороог тэргүүлж байсан Ц.Лоохуузыг даргаар нь тавьж байх үед тэнд очиж байлаа.

Найман сар Амгалангийн САА-д ажиллаад атрын аяныг хэрэгжүүлэх их үйлсэд орсон доо. Түүнээс хойш өнгөрсөн хугацаанд хаана ч ажиллаж, ямар ч албан тушаал хашиж байсан газар тариалангаа харж, энэ салбарыг сэтгэлдээ тээсээр 60 жилийн ойтойгоо золгож байна.

Б.Дорж: Үрээ идэхээр үнээгээ ид гэдэг цаг ирээд байна

Ойн баярын үеэр мөн Монгол Улсын Гавьяат агрономич, ХААИС-ийн доктор, профессор Б.Доржтой уулзвал, “Би 56 дахь намрынхаа тариа хураалттай золгож байна. Энэ салбартай ажил амьдралаа холбосон түүх маань 9-10-р ангид байхаас эхэлсэн. Анх туулай тэжээж талх нунтаглаж өгдөг байлаа. Туулайнууд маань өвдөөд мал эмнэлэг дээр очиж анх орос ном үзсэнээс хойш газар тариаланг сонирхох болсон. Гол нь малын эмчийн хэлснээр туулайнууддаа шинэ ногоон тэжээл өгөх хэрэгтэй, идэш нь таарахгүй байна гэж хэлснээр овьёосны үр олж, ногоо тарьж эхэлсэн дээ” гэв.

Тэрээр, өнөөгийн газар тариалангийн салбарт үрийн шинэчлэл чухал болоод буйг насаараа энэ салбарт ажилласан эрдэмтэн хүний хувьд онцолж байлаа.

“Оросуудын “Үрээ идэхээр үнээгээ ид” гэж хэлдэг үг одоо манай салбарт ирээд байна. Дээрх үг нь үр байвал ургуулж болно, байхгүй бол юунаасаа ургуулах вэ гэсэн язгуурын тариаланч түмний сургаал үг юм. Би манай улсын таримал ургамлуудын үрийг бүгдийг ярихаас илүү стратегийн гол таримал буудайн үрийн тухайд хэлэхэд буудайн үрийн аж ахуйн систем гэж маш нарийн ажиллагаа байдаг. Энэ нь манай улсад сүүлийн жилүүдэд алдагдсан.

Тиймээс эх орны эрдэм шинжилгээний байгууллагуудаас гарсан шинэ сортын, эсвэл гадаадаас авчирсан, манайд их өндөр ургац өгдөг сортын үрийг эхлээд хүрээлэнд бойжуулж сонгож, үржүүлж элит болгон шалгаруулж, сайныг нь дэлгэрүүлж нэвтрүүлээд явах нь чухал байна гэсэн юм.

Ц.Ширчинжав: “Залуучуудын” САА-г үүсгэн байгуулалцаж байв

Ойн баярын хурлын үеэр Монгол Улсын Гавьяат агрономич Ц.Ширчинжавын сэтгэгдлийг сонсвол, “Миний хувьд, 52 дахь ургацын жилтэйгээ золгож байна. Өнгөрсөн 60 жилд анх Залуучуудын САА-г үүсгэн байгуулалцаж, Угтаалын САА, хуучнаар ХААЯ-ны Газар тариаланг удирдах газар гээд олон байгууллагад ажиллаж байлаа. Агрономич бид чинь одоо цагийнхаар бол мөнгө үржүүлэгчид юм. Үр, түүнийг үржүүлэгч агрономичгүйгээр газар тариаланг төсөөлөхийн аргагүй” хэмээн өөрийн мэргэжлийн онцлогийг дурдаж байлаа.

Эх сурвалж: МОНЦАМЭ