Монгол Улсад атар газрыг эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ойн баярыг өнөөдөр Улаанбаатар хотноо тэмдэглэлээ. Тариаланчид 2019 оны ургацаа амжилттай хураан авсны дараа нэгэн жарны түүхт ойгоо тэмдэглэхийн сацуу Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медалиар газар тариалангийн салбарынхан энгэрээ мялаалгаж, “Атар-60” болзолт уралдааны шилдгүүдийг шалгарууллаа.
“Атрын 60 жил” хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож мэндчилгээ дэвшүүлсэн юм. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Газар тариалангийн салбарын хөгжил, шинэ жарны бодлого зорилт” илтгэл тавьсан юм.
Ардын хувьсгал ялсны дараа жил одоогийн Сэлэнгэ аймгийн Мандал суманд Хараагийн аж ахуй хэмээх улсын анхны тариалангийн аж ахуйг, 1923 онд Ховд аймгийн Буянт голын хөндийд “Сангийн тариалан” нэртэй улсын аж ахуйг тус тус байгуулснаар шинэ цагийн газар тариалангийн хөгжлийн эхлэл тавигдсан байна. Улмаар 1924 онд “Монголчуудын тариалангийн дүрэм”-ийг батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 1929 онд Мал аж ахуй, газар тариалангийн яамыг байгуулан ажиллажээ. “…..Ард түмний хэрэгцээт гурилын 25 хувь буюу 10.0 – 12.0 мянган тонн гурилыг дотооддоо үйлдвэрлэх,……улаан буудай тариалах талбайг 25.0 мянган га-д хүргэх…..”зорилт тавьж тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд үр, техник, санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан байна.
Эх орны дайны жилүүдэд манай улс хүнсний хэрэгцээгээ өөрийн үйлдвэрлэлээр хангахад ихээхэн анхаарснаар тариалах талбайн хэмжээг 80.0 мянган га-д хүргэж улмаар Мал аж ахуйн машинт станцуудад тариалан эрхлэхийг дэмжиж 1943 онд Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Тариалан, Архангайн Төвшрүүлэхэд улсын тариалангийн аж ахуйнуудыг шинээр байгуулсан байна. Газар тариалангийн хөгжилтэй уялдуулан Улаанбаатарт гурилын цахилгаан тээрэм, тариалан бүхий аймгуудад 13 усан болон морин тээрэм шинээр байгуулахад Засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлж, ЗХУ-аас техник, тоног төхөөрөмж нийлүүлснээр 1945 онд 1100 тонн гурил үйлдвэрлэжээ.
Улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх 2 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд үр тарианы үйлдвэрлэлийг 2.4 дахин нэмэгдүүлэх, 1 га-ийн ургацыг 10 центнерт хүргэх зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлжээ. Энэхүү төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлснээр Жаргалант, Цагаантолгой, Зүүнбүрэн, Зүүнхараа, Ингэттолгойн сангийн аж ахуйнуудыг үр тарианы, Борнуур, Батсүмбэрийг төмс, хүнсний ногооны чиглэлээр дагнан хөгжүүлж, хэрэгцээт гурилынхаа 50 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг бүрдүүлсэн байна.
Өмнөх зууны жараад оноос ардын аж ахуйтныг нэгдэлжүүлэх хөдөлгөөн орон даяр өрнөж, нийт мал сүргийн 80 шахам хувь, малчин өрхийн 70 гаруй хувь нь нэгдэл, сангийн аж ахуйд хамрагдах болсонтой уялдуулан мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэхээр шийдвэрлэж 1959-1960 онд эзэмших атар газрын хэмжээг 300.0 мянган га-д хүргэх, гурилынхаа хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилтыг дэвшүүлэн ажилласан байна.
Тэр үед Төр засгаас “… хөдөө аж ахуйн үйлдвэрлэх хүчийг түргэн хөгжүүлэхэд тус болох хувьсгалт том арга хэмжээ бол дотооддоо хэрэглэх гурилын хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр хангах, мөн мал аж ахуйг тэжээлийн баазтай болгох зорилгоор атар газар эзэмших явдал мөн. Тариаланг өргөн хөгжүүлэх нь ард олныг суурьшуулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд орчин үеийн техникийг нэвтрүүлэхэд дөхөм болох юм….” гэж бодлогоо тодорхойлсон байна.
Манай орны эдийн засгийн үндэс болсон газар тариалангийн салбарыг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх нийтийн хүч, анхаарлыг төвлөрүүлэн зохион байгуулах зорилгоор ”Атрын анхдугаар аян”-ыг зарлаж, орон даяар бүх нийтийн үйл хэрэг болгон хэрэгжүүлсэн түүхтэй.
Атрын аяныг хэрэгжүүлэх зорилтыг залуучуудын байгууллага хариуцаж манлайлан оролцох санаачлаг гарган нам, эвлэлийн шилдэг гишүүдээ атарт илгээж байжээ. Атрын анхдагчдаас амжилт бүтээлээрээ хамт олноо манлайлсан олон сайчууд, аваргууд, гавшгайчид төрөн гарсан бөгөөд тэдний дундаас тракторч, комбайнч Ц.Цэрэн-Очир, Ц.Сандагдалай, Ч.Шаравдорж, О.Гүндсамбуу Ц.Буниа, Ж.Баасан, Д.Баттөр, Д.Баасандамба нарын Монгол Улсын хөдөлмөрийн баатрууд тодорч амжилт бүтээл, алдар цуу нь дуурсаж байсан юм. Атрын анхдугаар аяны явцад Дархан, Зэлтэр, Эг-үүр, Хэрлэнгийн сангийн аж ахуйнууд шинээр байгуулагджээ.
Атар газар эзэмших, газар тариалангийн салбарыг шинжлэх ухааны үндэстэйгээр хөгжүүлэхэд ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламж, мэргэжилтэй боловсон хүчний оролцоо шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Атрын анхдугаар аяны хүрээнд ЗХУ-аас төрөл бүрийн трактор 4900 гаруй, үр тарианы комбайн, дизель цахилгаан станц 550 гаруй, мөн бусад хөдөө аж ахуйн чиргүүл, дүүжин машин, үр цэвэрлэгээний төхөөрөмжийг хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр нийлүүлсэн байна.
Атрын анхдугаар аян нь бүхэлдээ тариалан эрхлэх техник, технологид суралцах, туршлагажих, мэргэжилтэй ажилчин бэлтгэх, материаллаг баазыг бэхжүүлэхэд дорвитой амжилт авчирсан бөгөөд үйлдвэрлэл дээр үндэсний мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдэж төлөвшсөн нь чухал үр дүн байлаа.
Хөдөө аж ахуйд орчин үеийн техник технологи нэвтэрч, атрын анхдугаар аян эхэлснээс хойших хугацаанд тракторын тоо 10 дахин, комбайны тоо 6 дахин нэмэгдэж хөрс боловсруулах, үр тариа тарих, хураах ажил 100 хувь механикжсан байна. Тариалангийн салбарын мэргэжилтэй боловсон хүчин, механикжуулагчдын тоо нэмэгдэж 1959 онд 25 агрономч, 125 агротехникч, 4 инженер, 86 механикч ажиллаж байсан бол аяны хугацаанд 554 агрономч, 696 агротехникч, 228 инженер, 620 механикч, 5000 гаруй тракторч, комбайнч бэлтгэгдсэн байна. Аян амжилттай хэрэгжсэнээр хөдөөд шинээр сум, суурингууд байгуулагдсан, гурилын хэрэгцээгээ дотоодоосоо хангаж их хэмжээний валют хэмнэсэн, малын тэжээлийн баазыг бэхжүүлж хэрэгцээт тэжээлийн 1\3-ийг таримал тэжээлээр хангадаг болсон, жилд 80.0-100.0 мянган тонн гурил үйлдвэрлэх хүчин чадал бүхий 8 үйлдвэр ашиглалтад орж салбар маань дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэдэг болсон байна.