• 2024-11-21

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Сэлэнгэ суманд зөгийчид холбоо байгуулан хөдөлмөрөө хоршиж, бүтээгдэхүүнээ борлуулж эхэлжээ. Тэд дотоодод төдийгүй гадаадын зах зээлд балаа гаргаж байна.

Сэлэнгэ мөрний сав газрын урд, хойд хөвөө, Хантайн нурууны баруун урд хэсэг Хангал сумын Дүгрээ, Галтай, Хайлантай, Оготны ам зэрэг газрын 10 гаруй цэгт байгалийн балт ургамалын судалгаа явуулахад зөгийн аж ахуйд ач холбогдолтой балт, тост 47 овгийн 163 төрлийн 243 зүйлийн ургамал байгааг мэргэжлийн байгууллага тогтоожээ. Эдгээр ургамалын 38,2 хувийг зөгийн аж ахуйд дээд зэргийн ач холбогдолтой болохыг баталсан аж. Тиймээс Сэлэнгэ сумынхан зөгийн аж ахуй хөгжүүлэх нь аж амьдралаа дээшлүүлэх нэгэн боломж гэж шийдсэн байна.

Сэлэнгэ сумын Засаг дарга, аймгийн Зөгийгчдийн холбооны тэргүүн Ш.Насандуламтай уулзахад:

-Төр иргэн хүнийг ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх ёстой. Тэгэхлээр энэ газар нутагт ямар боломж, нөөц баялаг байна. Тэрийг ашиглах хүний  хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэлийг харгалзан тооцсноор орон нутагт газар түшсэн, мал дагасан, ойн сан түүний баялаг түшсэн аж амьдрал байж болох юм гэсэн санаа төрсөн. Сумын хэмжээнд “Амьжиргаа дэмжих хөтөлбөр”, “Амьдралын чанарыг сайжруулах хөтөлбөр” гэсэн хоёр том бодлого хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд эдийн засагт нөлөөтэй хэд хэдэн үйлдвэрлэл гаргаж ирсэн. Хөдөөгийнхний аж байдлыг судлахад 98-100,0 хувь нь мал дагасан амьдралтай байна. Мал аж ахуйгаа эрхэлдэг гэсэн үг. Манай сумын хувьд мал ахуйтай давхцуулан 70 орчим хувь нь төмс, хүнсний ногоо, газар тариалан эрхэлж байгаа. Дээр нь жимс жимсгэнэ тариалуулаад, зөгий үржүүлээд түүний үр нөлөөгөөр ой сан, бэлчээрийн төлөв байдлыг сайжруулах гэсэн уялдаатай төслийг хэрэгжүүлж байна. Зөгийн аж ахуй эрхлэгчдийн асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд  холбоо байгуулсан гэж ярилаа.

Тус суманд зөгийчдийн холбоо байгжуулж 70 зөгийчин бэлтгэжээ. Зөгийчдөд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын төслөөр 20 бүл зөгий олгосон нь эдүгээ өсөн үржиж 200 гаруй бүлтэй болоод байна. Сумын баг бүрт тав таван хүнтэй зөгийн бүл байгуулж үйл ажиллагааг нь жигдрүүлсэн аж.

Японы “Зөгийн тоос хүртээлтээр бэлчээрийн төлөв байдлыг сайжруулах” төсөл хэрэгжүүлээд 20 өрхөд зөгий олгож, ойд 8000 мод тариад, 2000 цэцэг нутагшуулаад ажиллаж байна. Бүлэгт нэгдэнэ гэдэг хөдөлмөрөө хорших, хөрөнгө хэмнэх, хамтдаа зах зээлд гарах давуутай талтай учир холбоодыг дэмжиж ажиллаж байна. Цаашдаа ногоочдын холбоо, зөгийчдын холбоо зэрэг хамтын хөдөлмөрөөрөө нэгдэж хоршиж ажиллах боломжтой гэж боддог хэмээн сумын Засаг дарга нэмж хэллээ.

Сэлэнгэ сумын зөгийн холбооны дарга Л.Хишигдорж:

-Манайх зөгийн холбоондоо 25 гишүүнтэй. Тус бүрдээ 3-14 бүл зөгийтэй. Бид нар балаа үзэсгэлэн худалдаагаар их борлуулдаг. Сүүлийн хоёр жилд долдугаар сар гарч байж ургамал ургаж байгаа учраас бал хураах хэмжээ бага байна. Хэдийг хэмжээгээр зуншлага эрт болно, тэр хэмжээгээр хураах бал их байна. Манайх цэцэгний бал их авдаг. Зарим хүмүүс гурвалжин будааны бал их сайн гээд бал авах сонирхолтой байдаг. Дэлхийн хэмжээнд цэвэр цэцгийн бал гэж байдаггүй юм билээ. Яагаад гэвэл  зөгийн аж  ахуй эрхлэгчид дандаа таримал цэцгэнд зөгийгээ маллаж бал хураадаг гэсэн. Манайх хээрийн цэцгийн бал хурааж авдаг. Гадаадынхан ч цэвэр цэцгийн бал авах сонирхолтой байдаг. Өнгөрсөн жил зөгийчид маань дөрвөн тонн бал авсан. Зөгийчдын холбоо байгуулснаар орон нутагт шийдэх бололцоотой асуудлыг хамт олноороо шийдэх, зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад чухал ач холбогдолтой гэж үздэг гэж ярилаа.

Зөгийчин Г.Нэргүй, Б.Гэрэлмаа нарын олон хүмүүс зөгийн аж  ахуй эрхлэх сургалтад сурч орон нутагт амьжиргааг дээшлүүлэх нэгэн боломж байгааг нээж, амьдрал ахуйгаа дээшлүүлж байна.

Зөгийн аж ахуйгаас бал, лав, тоосормог, сүүнцэр, жилий, эмчилгээний уурагт бодис зэрэг 10-12 төрлийн бүтээгдэхүүн авах боломжтой гэдэг. Тиймээс Сэлэнгэ сумын зөгийчид байгалийн цэвэр бүтээгдэхүүн бал, бусад дагалдах баялгийг зах зээлд нийлүүлэхээр хөдөлмөрөө хоршиж эхлээд байна.

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/233741