• 2024-12-03

Монгол Улсаас БНХАУ-д гурил экспортлоход хорио цээр, эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын шаардлагыг хангаж 13 үйлдвэр урд хөрш рүү гурил экспортлох эрхтэй болжээ.

БНХАУ руу гурил экспортлох асуудал удаан хугацаанд яригдаж, 2020 онд БНХАУ-ын Гадаад харилцааны сайдын айлчлалын бүрэлдэхүүнд Чанар, хорио цээрийн яамны төлөөлөл нь багтаж ирээд “Улаанбуудай болон хөх тарианы гурилын хорио цээрийн протокол”-д гарын үсэг зурсан байдаг.

Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан фэйсбүүк хуудастаа “Бид өнгөрсөн жилийн туршид тооцоо судалгаа хийж, хэд хэдэн удаагийн уулзалтыг БНХАУ-ын талтай амжилттай хийсний үр дүнд Монгол Улс хэрэгцээнээсээ илүү гарсан улаанбуудайг урд хөршдөө экспортлох боломж нээгдлээ.

 

Манай улсад жилд 943 мянган тонн буудай тээрэмдэх хүчин чадал бүхий 50 гаруй гурил үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулдаг.

Цар тахлын хүнд цаг үед БНХАУ-д дотоодын гурилын хэрэгцээнээс илүү гарсан улаанбуудайн гурилыг анх удаа экспортлох эхлэл тавигдсанаар хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүд экспортлогч болж зах зээлээ тэлэх, орлогоо нэмэгдүүлэх зэрэг эдийн засагт олон эерэг нөлөө үзүүлнэ” хэмээн бичжээ.

Манай улсын улаанбуудайн дотоодын хэрэгцээ жилд дунджаар 280 мянган тонн байдаг бөгөөд энэ жилийн хувьд 60 мянган тонн илүү улаанбуудай хураан аваад байгаа аж. 60 мянган тонн улаанбуудайгаар 40-50 мянган тонн гурил үйлдвэрлэх боломжтой юм байна.

Гурилын үйлдвэрүүдийн хувьд дэлхийн стандартад нийцсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд жилдээ нэг сая орчим тонн улаанбуудай тээрэмдэх хүчин чадалтай. Тиймээс улаанбуудайн тариалалтаа нэмэгдүүлэн ирэх дөрвөн жилд гурилын экспортоос тодорхой хэмжээний орлого олно гэж тооцож байгааг ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун хэлж байв.

Эх сурвалж:  ХХААХҮЯ-ны харъяа ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ

Холбоос: http://www.edp.mn/news/225