• 2024-11-23

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар Хэнтий аймгийн Мөрөн сумын хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Мөрөн сумын өрх бүр шахуу хүнсний ногоо тариалдаг, хураан авсан ургац нь эрүүл, чанартай гэдгээрээ танигдсан. Өнгөрсөн жил нийт 155 ногоочин 113.5 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж, 1245 тонн ургац авсан байна.

Монгол Улс ойрын 5 жилийн хугацаанд 19 нэр төрлийн хүнсний ногоог дотоодоосоо бүрэн хангадаг болох санаачилга, зорилтыг Ерөнхийлөгч санаачлан улс даяар өрнүүлж эхлээд байна. Энэ томоохон зорилтыг хэрэгжүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй хүмүүс бол хүнсний ногоочид, тариаланчид юм. Тийм учраас хүнсний ногоо тариалалтаараа 80 жилийн туршлагатай Мөрөн сумын ногоочид энэ чухал үүргийг гүйцэтгэхэд манлайлан оролцож, хамтдаа хичээх учиртайг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтын үеэр онцолж байлаа.

“Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Мөрөн суманд хүнсний ногооны талбайг 60 га-гаар нэмэгдүүлэх улмаар услалтын системийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий. Тиймээс толгой услалтын системийг сэргээн засварлаж, шинэчлэх ажлыг ирэх жил гэхэд дуусгана.

Засгийн газрын бодлого хоршоолсон хэлбэрээр ажиллаж буй ногоочид руу түлхүү чиглэнэ. Мөрөн сумынхны хувьд хоршоо болж ажиллахад хамгийн тохиромжтой, боломжтой учраас техник тоног төхөөрөмжийн дундын үйлчилгээг хөгжүүлбэл хөдөлмөрийн зардал хэмнэж, ногооны өртгийг бууруулна.” хэмээн Сайд З.Мэндсайхан ногоочидтой уулзах үеэрээ хэлсэн юм. Хүнсний ногоочид хараахан механикжиж амжаагүй байгаа учраас 90 морины хүчтэй тракторыг Мөрөн сумынханд өгч, дундын үйлчилгээгээ эхлүүлэх боломжийг олголоо.


Засгийн газраас энэ жил хүнсний ногоочдоо онцгойлон дэмжсэн шийдвэрүүд гаргаж хэрэгжүүлж байгаагийн нэг нь 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээл юм. 06 дугаар сарын 03-ны байдлаар Мөрөн сумаас 16 иргэн, 3 аж ахуйн нэгж 130 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авчээ.

ЭХ СУРВАЛЖ: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ       https://mofa.gov.mn/exp/article/entry/2752