• 2024-11-21

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарын (№ 137 (6362)) “Амьдралын тойрог” буланд газар тариалангийн салбарт насаараа зүтгэж яваа, Төв аймгийн тэргүүний тариаланч, Төв аймгийн Засаг даргын болон ХХААХҮЯ-ны хүндэт жуух бичигт, улсын аварга тариаланч Нямжавын Хишигтийн амьдралын түүхийг нийтэлсэн байна.

Алдаагаа гөвөөд босдог залуу нас

Н.Хишигтийн уугуул нутаг ээжтэйгээ адил Хөвсгөлийн Цагаан-Үүр сум. Харин аав нь Говь-Алтайн хүн байжээ. Тэрээр 12 настайдаа эцэг эхийн хамтаар Төв аймгийн Баянчандмань суманд ирсэн. Таван хүүхэдтэй айлын ууган хүү тэрээр ээжийгээ даган фермд үхэр маллаж, тугал, бяруу татаж өссөн аж. Түүний ээж 12-той байхаас нь Чандмань сумын 400 үнээний фермд саальчин хийдэг байж. Хөвсгөлөөс хоёрдугаар анги дүүргэж ирээд тус суманд долдугаар анги дүүргэж илгээлтийн эзэн болжээ.

Багаасаа тоглож өссөн болохоор ч тэр үү бусад хүн шиг хурдан хүлэг гэхээс илүү үхэрт их элэгтэй гэнэ. Үхэр гэртээ өөрсдөө хүрээд ирнэ, тайван сайхан хэрнээ гэрсэг гэж жигтэйхэн амьтан даа хэмээн ярилаа.

Тэрээр 16 настайгаасаа Модны үйлдвэрт нормчин хийдэг байсан нь цэргийн албаа барилгын ангид хаахад нөлөөлжээ. Ажил хүнийг голохоос хүн ажлыг голдоггүй юм гэдэг энгийн үг түүний амьдралыг бүхэлд нь илтгэхийн сацуу Хишигт гуай өөрөө ч энэ үгний баталгаа болохоор нэгэн. Цэрэгт ахлах гэх төмрийн нарийн мужаанаас тэрээр ихийг сурч мэдсэн гэнэ. Хар бор ажил хийж байсан ч мод, төмөр урлалд сонирхон дурласан нь үүнээс эхтэй. Гурван жилийн албаа хаагаад 1980 онд Борнуурын сангийн аж ахуйд нормчиноор ирэхдээ тус газрын нярав хийж байсан эхнэр Хүүхээгийн Пүрэвсүрэнтэйгээ танилцаж жилийн дараа өрх тусгаарлан гал голомтоо бадраасан байна.  Тэдний амьдралын зам дардан байгаагүй, эхнээсээ элбэг хангалуун ч байгаагүй. Гэхдээ бартаа саад бүрийг өөрсдийн хүчээр даван туулж, хожмоо дурсамжийн зузаан хавтсаа дэлгэж суугаа энэ настнуудын амнаас хэцүү гэдэг үг гарсангүй. Хэрийн шазруун аавын хүү, ээжийн охин шантарч буцдаг замыг тэд инээж босоод алдаагаа гөвсөөр урагшилжээ.

Ажлын гараа, амьдралын гараа

Зах зээл доройтож, аль аль нь ажилгүй болохдоо Хишигтийнх аргагүйн эрхэнд ногоо тарьж эхэлжээ. Гэрийн эзэгтэй зам дээр явуулын цайны газар ажлуулж, хажуугаар нь хамтдаа ногоо тарин ойр зуурын хэрэгцээгээ хангадаг байж. Тэдний нөр их амжилтын үндэс ганц халбага үрнээс эхэлж байсан гэвэл хүн итгэмгүй. Үнэхээр л 1992 онд хашаандаа хүнээс авсан манжингийн 15 грамм хүрэхгүй ганц халбага үр, тав зургаан кг төмсөө хувааж тарьснаар манай нийтлэлийн баатрынх тариаланчийн гараагаа эхэлж байсан юм. “Огт төсөөлөөгүй явдал болж, хашаагаар дүүрэн манжин ургаж, тонн төмс хурааж авахдаа эхнэр бид хоёр их баярлаж билээ. Хөгтэй нь манжин маань хашаан дахь бууцанд өтөөд зарах боломжгүй болчихсон байсан л даа. Гэхдээ төмснөөсөө чамлахааргүй үр шим хүртсэн. Тэгэж л ногоо тарих ашигтай байдгийг мэдэж авсан юм” гэж Хишигт гуай хуучиллаа.

Ургацаа хүртсэн хоёр дараа жил нь талбайд тарихаар шийдээд атар газар сонгож авчээ. Тухайн үед бүх юм хувьчлагдаж эхлээд байсан болохоор техник төхөөрөмж байхгүй, ногоо тарих тодорхой ойлголт ч үгүй хоёр байлаа гэж Пүрэвсүрэн гуай инээмсэглэн ярина. Сайн мэдэхгүй болохоор хүнээр га шахам газар хагалуулаад байсан ойр орчмын тариаланчид нь тэдэнд анхны жилдээ 50 сот /хагас га/-оос илүүг хэрэггүй хэмээн зөвлөжээ. Тиймээс тухайн хэмжээнд багахан байцаа, манжин, нарийн ногоо анхлан тарьж. Атар газар боловсруулахаас эхлээд л услах, зэрлэг авах гээд мэдэхгүй юм тухайн үед тэдэнд багагүй байсан. Тарих ногоогоо малаас хамгаалах гэж хүний хэрэггүй гэсэн өргөстэй төмөр торыг хамтдаа нэг бүрчлэн тэнийлгээд явж байсан үе саяхан мэт санагдана гэх. Үе үеээрээ нугларсан төмөр торын зангилаатай цуг өнөөгийн амьдралдаа хүрэх амьдралын утсаа тэд хөвж эхэлсэн нь энэ. Хүнээс мянгаадхан байцааны үрсэлгээ авч тарьсан нь хичнээн хэмжээний зайтай тарихыг мэдэээгүйгээс шигүү болж, салгах гэж бас л яггүй ажил болсон гэж тэд ярина. Асуудал ингээд дууссангүй ээ.

Намар хажуугийн талбайн ногоочид нь хураалтаа хийж байхад мотор ч үгүй болохоороо хоёр арвын битоноор байцаагаа услаад явж байсан түүх ч тэдэнд бий. Хөршүүдээсээ санаа зовсон ч хүмүүс ургацаа аваад байхад гэсэн шазруун бодол гол баатрыг маань хурцалж байсан гэнэ. Өглөө болгон яагаачгүй эрт босож, халуунд ногоонуудаа саваар зөөж услах гэдэг хичнээн хүнд ажил гэдгийг төсөөлөөд үзвэл “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэг үгийн утга сая нэг гарна. Ширхэг ч талстгүй болтол уусгаж чадсан аж, манай нийтлэлийн баатрынх. Гэтэл ингэж хичнээн хичээсэн ч анхны жилдээ тэднийх ургац сайн авч чадсангүй. Мянгаад байцаагаа аваад, нарийн ногоог бол хүнсэндээ хэрэглээд л дуусчээ. Ер нь эхний хэдэн жилдээ тариалангаас олигтой ашиг олоогүй гэж Хишигт гуай дурслаа. Гэсэн ч хүн хийж чадаад байгаа ажлыг бид ч бас хичээвэл чадна гээд зүтгээд л байж. Тухайн үед ажил ч олдохгүй байсан учир өөр арга байгаагүй биз. Гагцхүү бусдын туршлага, өөрсдийн алдаанаас цааргалалгүй суралцаж, ажлыг хэмжээгээр нь гололгүй хичээж зүтгэж ирсэний хүчинд тэд өнөөгийн өөрсдийгөө бүтээжээ.

Арван хуруу тэгш биш ч амьдралд бууж өгөхгүй

Гучин жилийн ногоочны хөдөлмөр үргэлж хийснийхээ хэрээр хүртэж байсан гэвэл үгүй. 2017 онд болсон ганд гэхэд л ногоогоо ханатал нь услаад зэрлэгийг нь гараараа зулгаахгүй л бол чийгээ хурдан алдаж, ургацгүй болох гээд их ярвигтай байж. Зарим нөхөд нь тэсэлгүй хаяж, түүнд ч биеэ зовоож байхаар боль гэж их хэлдэг байсан гэнэ.  Харин Хишигт гуай газар дэлхийн буян, бүх юм арван хуруу тэгш байх албаггүй гэдэг үзэлтэй хүн тул авах, алдах үе аль аль нь байлгүй яахав гээд бууж өгсөнгүй. Тиймдээ ч өдийгийн их амжилтанд хүрсэн биз. Тэрээр алдар нэр гээд хөөцөлдөөд байдаггүй. Гэхдээ төр улс, мөр зэрэгцэж хөдөлмөрлөж явсан нөхөд нь өөрийнх нь ажлыг үнэлж чадсанд талархаж явдаг. Өөрөөр бол сэтгэл дэлгэсэн нэгэнд чин үнэнээсээ талархдаг бол буруу харсан болгонд нударга зангидаад байдаггүй нэгэн юм. “Шинэ ногоо” байхад нь тусалж, зааж сургасан ахмад тариаланчдад тэрээр чинь сэтгэлээсээ талархаж явдаг. Тэдний дотор олон жил нарийн ногоо тарьсан Намхай гэх настанг багшийн зэрэгтэй хүндэлж явдаг гэдгээ дэлгэлээ. Тэр тусмаа өдийгийн амьдралаа босгож, үр хүүхдээ хүний зэрэгт хүргэсэн буян гэж нутгийнхаа сайханд биширч явдаг. Борнуур нутаг бол Төв аймгийн газар тариалангийн бүс нутгуудын нэг. Тухайн үедээ Монгол улсын ногооны хэрэгцээний нийлээдгүй хэсгийг бүрдүүлж байсан үржил шимтэй нутаг аж. Тиймдээ ч улс, аймгийн олон олон аварга, нэртэй тариаланчид эндээс төрөн гарсан түүхтэй.

Хөдөлмөрөөр хүмүүжсэн тэдний бахархалууд

Хишигтийнх зургаан хүүхэдтэй. Золжаргал, Ганжаргал, Энхзаяа, Золзаяа, Өнөржаргал, Бат-эрдэнэ. Таван охин нь Улаанбаатар хотод одоо ажилладаг бол бага хүү нь Дотоод хэргийн их сургууль төгсөөд ирж байгаа гэх. Өөрөө сургууль төгсөөгүй ч хэдэн хүүхдээ бүгдийг дээд боловсролтой, амьдралын дөртэй болгоод авсан нь нэгэнтээ эцэг хүний зорилгоо биелүүлсэн бахархал, нөгөөтэйгүүр нутгийнхаа буян хишигт талархах сэтгэлийг түүнд төрүүлдэг. Хүүхдүүд нь бага байхаасаа л эцэг эхээ дагаад талбайд ажиллаж өсчээ. Байцаа, лууван манжин гээд ногоонуудаа өөсдөө үрслүүлэхээс эхлээд тарих, услах, зэрлэгийг нь зулгаах, хураах гээд бүх зүйлд нь гар бие оролцож ирсэн болохоор нэг ёсны “туслах ногоочид” байсан гэлтэй.

Амралтын өдөр гэж байхгүй, гэрийнх нь гадаа морин тэрэг байж л байвал талбай явж ажиллана гэдгээ хүүхдүүд нь мэддэг байж. Бага хүү нь бүр намайг төрөхөд л нүдэнд минь ногоо харагдсан гэдэг юм гэж гэрийн эзэгтэй хошигнов. Хишигт гуай газар тариалангийн ажлыг хүнд гэхээс илүү жаргалтай ажилд тооцно. “Үрсэлгээгээ тарихад бүгд халуун наранд налаад уначихна. Тэгээд л маргааш өглөө нь эргээд очиход амьд амьтан шиг нахилзаж байгааг нь харах хичнээн сайхан гээч. Ер нь ногоочин хүний жаргал гэж тарьсан, арчилсан ногоо нь ургах л юм даа” гэнэ. Тэднийх арав гаруй жил байцаа голдуу тарьжээ. Төмс нэг га талбайгаас 20 центр, лууван 25 центр, байцаа бол 40 тонн гаранг хураана. Борнуурын дээр үеийн хөдөлмөрийн аваргууд га талбайгаас 80 тонн хүртэл байцаа авдаг байсан гэж эзэгтэй хуучиллаа.

Хүүхдүүдийн сургуулийн хэрэгцээ, их сургуулийн төлбөр зэргийг намар байцаагаа хотод бөөндөөд төлчихдөг. Харин сар сард нь төмсөө зарж хэрэгцээний мөнгө явуулдаг байсан гэнэ. Хотод байцаагаа далан цаасаар өгчихөөд их баярлаад л ирдэг байж билээ. Далан төгрөг гэдэг тэр үедээ чамлахааргүй байсан гэж аварга маань дурдав. Доллар 500 төгрөг байсан гэхээр арга ч үгүй биз. 93-аад оноос тэд бөөндөөд үлдсэн ногоогоо хотод зах дээр зарж эхэлжээ. Өвлийн хүйтэнд ченжүүд, худалдаачидтай муудалцан ногоо зарна гэдэг хэцүү ажил. Гэхдээ л ажил хийх хүнд арга нь олддог жамаар тав гаруй жил худалдаа хийжээ. Нөгөө “Ганц намайг гэж ижий та, Газар дээр хичнээн мэргэжил сольдог юм бэ” хэмээн их яруу найрагч Ц.Хулан нэгэнтээ шүлэглэсэн байдаг шиг үр хүүхдээ өсгөх гэж тэдэнд хийж үзээгүй зүйл цөөн. Харин ганц ээж гэлтгүй амьдралын ноён нурууг тэгш авч явах гэсэн Монгол эцгийн дүр Хишигт гуай мөнөөсөө мөн юм. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлнэ гэдэг шиг хүүхдүүд нь одоо хэрийн ажлыг чадмаг хийчихдэг, тэсвэртэй, хөдөлмөрч хүмүүс болсонд эцэг, эхийн хувьд тэд нүүр бардам явдаг нь илт. Хагалсан газар шиг хагарч хуурайшсан гар нь гэр бүлийнхээ төлөө хөдөлмөрлөж, өдгөө хоёр алтан гарт эмчийг төрүүлээд буй. Мөн хэдийнэ 10 хүүхдийн өвөө, эмээ болжээ. Тавын таван охинтой аав хүний хувьд Хишигт гуайн харц, ааш зан нь цаанаа л зөөлөн, дөлгөөн аж.

Гэрийн эзэгтэй нөхрөө ажилсаг хэрнээ их зөрүүд хүн хэмээнэ. Хийнэ гэсэн юмаа хийж байж салдаг, зүгээр сууж чаддаггүй, басхүү төмөр, модоор ойр зуурын тавилга сайхан хийчихдэг уран гартайг нь магтана. Харин Хишигт гуай өөрийнхөө талаар гэхэд хэлэх үг олдохгүй юм гээд инээв. Бусад тариаланчид, гэргий, нутгаа зогсолтгүй сайшааж байсан ч өөр дээрээ болохоор ганц ч үг унагасангүй. Энэ түүний бас нэгэн сайхан чанар. Биеэ тоох гэдэг түүнд хүртээлгүй үг. Авсан гавъяа шагналынхаа нэгийг нь ч дурдсангүй. Харин алдаануудынхаа жижгийг нь ч үлдээлгүй хуучиллаа. Алдартай эрдэмтэн, багш, хуульч биш хэдий ч энэ хүний амьдралаас сурах юм их. Түүний гавъяаг туулсан “Амьдралын тойрог”, хийж бүтээсэн нь хэдийнэ гэрчлэх тул нэмж дурдах нь илүүц гээд орхилоо. “Заримдаа гайхамшигтай зүйл энгийн, энгийн зүйл ч гайхамшигтай байж чаддаг” гэвэл энэ эрхэмийн амьдрал гарцаагүй нэгнийх нь гэрч болно. Уншигч та болгооно биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.20  ДАВАА № 137 (6362)