• 2024-11-24

Америкын Walmart хүнсний сүлжээ дэлгүүр нь ургацуудад тоос хүртээх зориулалт бүхий робот зөгийнүүдийг патенталсан байна.

Эдгээр зөгий шиг хэмжээтэй бяцхан дронууд нь тусгай мэдрэгч болон камерын тусламжтайгаар ургацын байрлалыг тогтоож, цэцгийн тоосыг нэгээс нөгөө рүү хүртээж чадах аж.

CB Insights-ийн бүртгэлээс харахад, робот зөгийн патент нь Walmart-ийн газар тариаланд чиглэсэн бусад 5 дроны патентын хамт бүртгэгдсэн байна. Тухайлбал, тэдний нэг нь хортон шавьжнуудыг илрүүлдэг бол нөгөө нь ургацын эрүүл мэндийг хянадаг байна. Харин энэ талаар мэдээлэл авах гэсэн Business Insider сэтгүүлийн асуултанд тэд хариулт өгөхөөс татгалзжээ.

Эдгээр патентуудын гол зорилго нь тодорхой биш байгаа хэдий ч тэд Walmart-г хөдөө аж ахуйн бизнест хүч үзэхээр зэхэж буйг гэрчилнэ. Үүнийг нотолж байгаа мэт Walmart сүүлийн үед хүнсний ногоо хүргэх бизнест анхаарлаа хандуулан ажиллах болсон юм. Тэд энэ жил хүнсний ногоонуудыг 800 салбар дэлгүүрүүдээрээ дамжуулан АНУ-ын хүн амын 40%-д хүрэх зорилго тавин ажиллаж байна. Мөн өнгөрөгч 1-р сард тэд хүнсний ногоог онлайнаар худалдаж авах үйлчилгээний патентагтыг авсан бөгөөд худалдан авагчид Walmart-ийн ажилчдын сонгосон хүнснүүдийг хүлээн зөвшөөрөх, эсвэл татгалзах боломжтой болж байгаа юм. Товчхондоо бол энэ нь хүнсний ногоонуудад зориулсан Tinder л гэсэн үг.

Walmart-ийн хувьд тэд робот зөгийг бүтээсэн анхны байгууллага биш ээ.

Сүүлийн жилүүдэд Colony Collapse Disorder хэмээх үзэгдлээс болж ихээхэн хэмжээгээр хорогдох болсон балт зөгийнүүдийг аврахын тулд эрдэмтэд анхаарлаа хандуулан ажиллах болсон. Балт зөгий нь бидний хэрэглэж буй хүнсний 1/3 хувьд нь тоос хүртээдэг ашиг тустай шавьжнууд юм. 2013 онд Харвардын Их Сургуулийн эрдэмтэд анхны робот зөгийнүүдийг дэлхий нийтэд танилцуулсан. Тухайн үед зөгий шиг хэмжээтэй роботууд нь зөвхөн нисч, агаарт тогтож чаддаг байсан бол өнөөдөр тэд бүр усанд хүртэл шумбах чадвартай болоод байна.

Харин эрдэмтдийн үзэж байгаагаар эдгээр робот зөгийнүүд нь тун удахгүй тариан талбай дээр ажиллаж, ургацуудад хиймэл тоос хүртээж эхлэх нь. Мэдээж хэрэг, энэхүү хөгжүүлэлт нь сүүлийн 20 жил үргэлжилж буй балт зөгийн тоо толгойг хоргодох явдлыг сааруулах болно гэдэгт ихээхэн найдлага тавьж байгаа юм.

Харвардын зөгийнүүдийг алсаас удирдах боломжгүй. Тэгвэл Walmart-ийн патентад дурьдагдсанаар бол та үүнийг хийх боломжтой аж. Түүнчлэн тэд автоматаар цэцгийн тоосыг илрүүлэх чадвартай болж байгаа юм байна.

Робот зөгийнүүд лабораторид биш тариан талбай дээр ажиллаж эхлэх өдрүүд ойрхон байна!

Эх сурвалж: http://ensada.mn/news/47